Третьяковын галерей "Догшин Иван ба түүний хүү Иван" уран зургийг сүйтгэсэн этгээдээс 20 сая рубль нэхэмжилнэ
Москва хотын Третьяковын галерей Илья Репиний "Догшин Иван ба түүний хүү Иван" нэртэй алдарт бүтээлийг гэмтээсэн Игорь Подпорин гэгчээс 20 сая рублийн (ойролцоогоор 800 сая төгрөг) нөхөн төлбөр авахаар зэхэж байна. Энэ мөнгө нь бүхэлдээ тус бүтээлийг нөхөн сэргээхэд зарцуулагдах аж. Третьяковын галерейн хуулийн зөвлөх Евгений Мельниковын хэлснээр уг бүтээл нь 1,04 тэрбум рублиэр үнэлэгддэг гэжээ.
Эргэн сануулахад 2018 оны тавдугаар сарын 25-нд Игорь Подпорин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ алдарт уран зургийг төмөр саваагаар гэмтээсэн юм. Тэрээр Репиний уран зургийг "түүхэн үнэнээс зөрсөн" гэх шалтгаанаар сүйтгэсэн хэмээн өөрийн үйлдлээ тайлбарлажээ.
Сонирхуулахад энэхүү уран зураг нь "Догшин Иван хүүгээ алсан нь" гэх нэрээрээ алдартай бөгөөд зурагт Догшин Иван уурандаа хүүгээ таягаар цохиж хөнөөснийхөө дараа гэмшиж байгаагаар дүрслэн үзүүлсэн байдаг. Гэхдээ одоог хүртэл зарим түүхчид Догшин Иван хүүгээ хөнөөгөөгүй хэмээн үздэг билээ.