Weird Al Yankovic өөрийн амьдралаар кино хийжээ
Түүний дүрийг Дэниэл Рэдклифф бүтээх аж
Өдгөө 62 настай америкийн дуучин, жүжигчин “Weird Al” нэрээрээ алдаршсан Алфьред Маттю Яанковик өөрийн амьдралаас сэдэвлэсэн кино хийхээр болжээ. 90-ээд онд томоохон одуудын дууг өөрийн маягаар хуулбарлан пэроди хийдэг байсан түүний уран бүтээлүүд үнэлэгдэж, нийт таван удаагийн Грэммийн шагнал хүртэж байсан билээ.
Тэрээр дан ганц элэглэл хийхээс гадна баян хуураар хөгжимдөж, чех маягийн полка урсгалаар орчин үеийн дуунуудыг дуулдаг төдийгүй гэнэтийн зүйлсээр дүүрэн амьд тоглолтуудаараа үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм.
“Weird: The Al Yankovic Story” нэртэй гарах уг кинонд түүний залуугийн дүрийг Харри Поттерийн дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Дэниэл Рэдклифф бүтээхээр болсон бөгөөд энэ ондоо багтан The Roku Channel стрийминг үйлчилгээний сувгаар нээлтээ хийхээр болжээ.