Жаред Лето Хоакин Фениксийн тоглосон "Жокер"-ыг гаргахгүйн тулд бүхнийг хийжээ
"Чи үүнийг зогсоох ёстой!"
Тодд Филлипс найруулж, гол дүрд нь Хоакин Феникс тоглосон "Жокер" сэтгэлзүйн триллер кино одоогоор дэлхийн кино театруудаас 737,5 сая ам.доллар олж, Венецийн кино наадмын гол шагналыг хүртэж, өөрөөр хэлбэл асар амжилттай бүтээл болсон билээ. Тэгвэл жүжигчин Жаред Лето энэхүү кинонд өөрийг нь тоглуулаагүйд маш их гонсойсон талаар The Hollywood Reporter мэдээллэж байна. Ингээд ч зогсохгүй тэрээр киног огт гаргахгүй байхын тулд янз бүрээр саад хийхийг оролдсон гэж эх сурвалж мэдэгдлээ.
Эргэн сануулахад 2016 онд гарч байсан "Suicide Squad" кинонд Жаред Лето Жокерын дүрийг бүтээсэн ч тус кинонд түүний баатар гол дүр байгаагүй бөгөөд Лето дараа нь зөвхөн түүнд зориулан Жокерын дүрийг илүү нээж өгөх бүрэн хэмжээний кино хийж өгнө хэмээн найдаж байжээ.
Харин Warner Bros. кино компани "Жокер" киноны гол дүрд Хоакин Фениксийг тоглуулах болсныг олж мэдээд Жаред Лето төслийг зогсоох гэж оролджээ. Тодруулбал тэрээр өөрийн агент, менежер Ирвинг Азофоос Warner Bros. кино компанийн тэргүүнтэй холбогдож, "Жокер" киноны зураг авалтыг болиулахыг хүсэн түүнд шахалт үзүүлсэн байна. Харин The Hollywood Reporter-ын мэдэгдсэнээр Ирвинг Азоф түүний энэ хүсэлтийг биелүүлэхээр Warner Bros. кино компанитай холбогдоогүй гэжээ. Мөн Жаред Лето болон Ирвинг Азоф нар энэ талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзсан байна.