Хайх

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

Үе дамжин өвлөгдөх “амьд” байгалийн бүтээл

Text: Д.Марал


Амьд биетээс үүсдэг цорын ганц нандин чулуу болох сувд нь бүсгүй бүрийн нүүрэнд гэрэл цацруулж, гоо үзэсгэлэн, эрхэмсэг чанарыг нь тодруулж өгдөг онцгой увдистай бөгөөд хэзээ ч үнэ цэнээ алддаггүй үнэт эрдэнэ юм. Тэр дундаа хамгийн дээд зэрэглэлийн хэмээн тооцогддог, Японы далайн гүнд бий болдог Акоя сувдан эдлэлүүдээрээ танигдсан MIKOTO брэндийг сувдны үнэ цэнийг ойлгодог BURO.-гийн уншигчид андахгүй биз ээ. Акоя сувд тунгалаг байдал, өөгүй хэлбэр, гялтганах чанараараа дэлхийд гайхагддаг ба уг сувдны ер бусын солонгорон гялалзах чадвар бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам бүр гэрэлтүүлж өгдөг онцлогтой билээ.

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 1)

Сувдан эдлэлийн хамгийн сонгодог бөгөөд хэзээд ч эрэлттэй байх загвар бол маргаангүй хүзүүний зүүлт юм. Тэр тусмаа тодоос тод гялалзаж, цэвэр тунгалаг өнгөөрөө бүх насны бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж чадсан Акоя сувдан зүүлт нь эмэгтэй хүн бүрт заавал байх ёстой эдлэлүүдийн нэг билээ. Нэг хясаанаас ердөө нэг л ширхэг гарч ирдэг Акоя сувд дэлхий даяар маш ховор олборлогддог бол MIKOTO брэнд хэрэглэгчдэдээ зориулж энэхүү дээд зэрэглэлийн сувдыг ашиглан төрөл бүрийн дизайн, хийцтэй эдлэлүүдийг урласаар байна. Гэвч зарим хэрэглэгчид сувдан эдлэлүүдийг хооронд нь чанараар нь ялгаж сураагүйн улмаас оновчтой сонголт хийж чадаагүй тохиолдол олон гардаг. Өнгөцхөн харахад яг л ижил өнгө болон загвартай сувдан эдлэлүүд тодорхой үнийн ялгаатай байх нь олныг төөрөлдүүлэх нь ч бий. Тиймээс бид сувдны чанарыг хэрхэн тодорхойлдог, мөн ямар хүчин зүйлсээс үүдэн сувдны үнэ өөр өөр байдаг талаарх мэдээллийг MIKOTO брэндийн мэргэжилтнүүдийн хамтаар бэлтгэлээ.


Сувдны чанарыг 5 хэмжүүрээр үнэлдэг

Сувдны зэрэглэл нь тухайн сувдны хэлбэр, өнгө, гялгар байдал, өө сэв, хэмжээ гээд нийт таван хүчин зүйлээс хамаардаг. Сувд ямар ч зүсэлт, өнгөлгөө шаарддаггүй бөгөөд байгалиасаа ямар гарч ирсэн яг тэр байдлаараа хэрэглэгчдийн гарт очдог юм. Тиймээс сувд төгс бөөрөнхий хэлбэртэй, нэг ч цууралтгүй, цаанаасаа гялтганасан, гялгар, том хэмжээтэй байх тусмаа илүү үнэлэгдэж, дэлхийн зах зээл дээр хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог байна. Харин хясаанд үүсэн бий болсон цагаасаа бөөрөнхий бус хэлбэртэй, өө сэвтэй боловсорсон сувдны зэрэглэл багасаж, улмаар тухайн сувдны үнэ ч арай хямд болдог учиртай. MIKOTO брэндийн хувьд Япон улсын Сувдны Холбооны сувд зэрэглэх системд бүтээгдэхүүнүүдээ хамруулдаг байна. Системийн дагуу сувдан эдлэлүүд үзэмж, ховор байдал, үнэт чулууны чанар гэсэн гурван шаардлагад нийцсэн тохиолдолд MIKOTO брэнд тэрхүү сувднуудад гурван “N” буюу “NNN” гэх тусгай зэрэглэл олгодог гэнэ. Ингэж нэрлэх болсны учир нь Япон улсыг өөрөөр "Ниппон" гэж нэрлэдэг ба эхний үсгийг нь ашиглан сувднуудад “N” үсэгтэй зэрэглэл олгодог болжээ. Сувдан эдлэлд “NNN” батламж бүхий сертификат олгох нь уг эдлэл хамгийн дээд зэрэглэлийн сувдаар бүтсэн гэдгийн баталгаа болдог юм.

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 2)

Тэгвэл сувдан зүүлт сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

Хүн бүхэн адилгүй, хүлэг болгон жороогүй гэх зүйр цэцэн үг бий. Үүнд бүх хүн хоорондоо харилцан адилгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа бөгөөд сувдан эдлэл ч мөн адил тухайн хүний онцлог, гадны шинж тэмдгүүдээс шалтгаалан өөрийн онцгой чанаруудаа таниулах болно. Зарим бүсгүйчүүдэд богино сувдан зүүлт огт зохидоггүй, харин урт зүүлт сайхан харагддаг. Нөгөөтээгүүр зарим бүсгүйчүүд богино зүүлтийг илүүд үздэг. Харин сувдны хэмжээний хувьд 6-8 мм хэмжээтэй сувднууд хамгийн сонгодог бол 9-10 мм сувднууд дэлхийд маш ховор билээ. Сувдны хэмжээ нь мөн адил зүүсэн эзнийхээ шинж чанараас хамааран өөр өөр байдлаар харагдах хандлагатай байдаг. Ерөнхийдөө тухайн хүний гоо зүйн мэдрэмж, хувцаслалт, нүдний өнгө, биеийн галбир, үсний засалт гээд олон хүчин зүйл нөлөөлөх ч сувдан эдлэл эмэгтэй хүнд зохихгүй байна гэж үгүй. Байгальд ягаан, ногоон, хөх, цагаан өнгийн сувднууд байдаг ба тус бүр нь өөрийн онцлогийн дагуу гялалзаж, арьсны өнгийг сэргээдэг билээ. 

Сувдан хүзүүний зүүлтийн загварууд:

  • Choker загварын зүүлт нь 30-40 см урттай, хүзүүний тойргийн хэмжээнд төгс таардгаараа онцлог.
  • Princess загварын зүүлт нь 40-50 см буюу хамгийн түгээмэл, сонгодог урттай зүүлт. Ямар ч хувцаслалт, арга хэмжээнд зохимжтой харагддаг.
  • Matinee загварын зүүлт нь 50-60 см урттай, албаны арга хэмжээнд зүүхэд тохиромжтой байдаг. Даашинз болон хослолтой төгс зохицох болно.
  • Opera загварын зүүлт нь 70-80 см урттай, албан ёсны арга хэмжээнд үдшийн даашинзтай хослуулан зүүдэг. Харин өдрийн цагаар албаны бус арга хэмжээний үеэр хүзүүгээрээ хоёр ороон зүүж болно.
  • Rope загварын зүүлт нь 90 см болон түүнээс дээш урттай байдаг. Хүзүүний сувдан зүүлтийн хувьд хамгийн урт нь юм. Хоёр, эсвэл гурав ороож, үгүй бол гоёмсог байдлаар зангидаж зүүсэн ч тохиромжтой.
MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 3)

Есөн эрдэнийн нэг болох сувдан зүүлтээ MIKOTO брэндээс

MIKOTO брэндийн сувдан эдлэлүүд сонгодог болон орчин үеийн хэв маяг хосолсон дизайнаараа бүх насны хэрэглэгчдэд сайхан зохидог тул сонирхсон хэн бүхэн брэндийн бүтик дэлгүүрээр зочлон өөрт таалагдах сувдан аксесуараа сонгон авах боломжтой. Мөн уг брэндийн сувдан зүүлтүүд 18 карат бүхий цагаан болон шар алттай хосолж, алмааз чулуугаар чимэглэгдсэн байдаг нь бүр ч онцгой билээ. Түүнчлэн хоорондоо ижил хэмжээтэй сувднуудыг олборлох нь ургац бүрээс олдоод байдаггүй, маш нарийн төвөгтэй ажил юм. Жишээ нь, MIKOTO брэнд 45 см урттай сувдан зүүлт урлахын тулд ойролцоогоор 10-20 мянган ширхэг сувд шүүж, яг ижил хэмжээ, өнгө болон туяатай Японы дээд чанарын сувднуудаар эдлэлээ бүтээдэг байна.  

Хүүхдийг нялх байхаас нь өсгөн хүмүүжүүлдгийн адил MIKOTO хясаанд сувд үүсэн бий болохоос нь л эхлээд эцсийн бүтээгдэхүүн гартал сувднуудаа зөвхөн өөрсдийн гараар өсгөн арчилдаг. Тиймээс MIKOTO брэндийн сувдан эдлэлүүд зөвхөн Японд ургуулсан Япон чанартай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. 

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 4)
MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 5)
MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 6)
MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 7)

MIKOTO Mongolia

Хаяг: ХУД, 11-р хороо, Zaisan Peak Residence
Утас: 77444599, 99994599

Instagram: @mikotomongolia

MIKOTO: Сувдны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх