Аялал, зугаалгын хэв маягтай загварууд Fendi-гийн шинэ цуглуулгад
Хавар-зун 2020
Fendi ордны бүтээлч захирал Сильвия Вентурини Фенди хавар-зун 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Тэрээр энэ удаад Понца арал дээрх зуслангийн байшиндаа өнгөрүүлсэн амралтаа дурсан амралт, аялал зугаалгын өнгө аястай загварууд урлажээ. Өнгөрсөн хугацаанд Fendi брэндийн эмэгтэй чиглэлийг ноён Карл Лагерфельд хариуцаж байсан бол шинэ цуглуулгыг Сильвия Вентурини анх удаа бие даан урласан нь энэ юм. "Карл бидний ахмад байсан! Харин одоо бол миний бие бүх шийдвэрийг гаргаж, маш том үүрэг хариуцлагыг хүлээх боллоо" хэмээн тэрээр онцолсон ба үргэлж түүнтэй хамт байдаг бүтээлч багийн гишүүддээ талархал илэрхийлэхийн сацуу "Тэд үнэнийг хэлэхээс хэзээ ч эмээдэггүй. Хийсэн зүйл бүрийг минь ‘Үнэхээр үзэсгэлэнтэй байна' гэхийн оронд бодит үнэнийг хэлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал санагддаг" хэмээжээ.
Ширмэл оёдолтой загварууд, элгэн материалтай даашинз ба тренч цув, хурц эсгүүртэй сорочка, үслэг оруулгатай хүрэм, органза материалаар урласан хоолойтой цамц, нэхмэл поло захтай цамц, цэцгэн хээтэй даашинз зэрэг загварууд шинэ цуглуулгад багтсан байна. Харин өнгөний хувьд нар жаргах үед тэнгэрийн хаяанд үзэгддэг алтан шаргал, зөөлөн ягаан, цэнхэр, хөх ягаан өнгөнүүд давамгайлсан байлаа.