Buro 24/7 тойм: Delpozo, resort 2017
Анхны аяллын цуглуулга
Хосеп Фонт энэ удаад Жорж Мельесийн найруулсан 1902 оны "A Trip to the Moon" бүтээл дээр суурилж аяллын цуглуулгаа бүтээжээ. Дизайнерын хэлж буйгаар энэ нь өнгөт зураглалтай хамгийн анхны кинонуудын нэг аж. Энэхүү бүтээлийн үзэгдэл болгоныг мэргэжилтнүүд энгийн бийр ашиглан гар аргаар будаж байсан юм. Мэдээж хэрэг тэр үеийн өнгөний сонголт өнөөдрийн Delpozo-гийн санал болгодог шиг баялаг бас гүн туяатай биш байсан ч гэлээ Хосеп Фонт тэрхүү сар луу чиглэсэн аяллыг орчин үеийн өнгөөр будахыг хүсчээ.
Брэндийн цуглуулга бүрийн хамгийн гол онцлог болдог том хэмжээснүүд аяллын цуглуулгад ч бас чухал үүрэг гүйцэтгэлээ. Төрөл бүрийн урттай хөвсгөр юбка, дугуй дүрс үүсгэсэн цээжтэй хагас гэрэлтэх топ, аварга том эрвээхий зангилаатай даашинз, бөөрөнхий ханцуйтай цамц зэрэг нь Delpozo-гийн хаанаас ч харсан танигдах брэнд хэв маяг юм. Хосеп ихэвчлэн хэтрүүлсэн хэмжээстэй хувцас танилцуулдаг ч, энэ удаагийн загварууд илүү бодит амьдралтай ойр, өдөр тутамд өмсөж болохуйц болжээ. Түүнээс гадна энэ цуглуулгад улирлын хамгийн том тренд болж буй мөр ил гаргасан свитерүүд орсон харагдана.