Buro 24/7 тойм: Fendi Couture, намар-өвөл 2016
Усан дээрх үлгэр
Өнгөрсөн жилийн энэ үед хамгийн анх олны анхааралд хүрсэн Fendi брэндийн үслэг эдлэлийн цуглуулга энэ жил ч бас үргэлжлэлээ оллоо. Гурван хоногийн өмнө загварын ордны төрөлх Ром хотын алдарт Треви усан оргилуур дээр зохион байгуулагдсан шоу загварын салбарынхныг одоо хүртэл шуугиулж байна. Усан оргилуур тод гэрлээр асч, ус оргилж, загвар өмсөгчид яг л усан дээгүүр алхаж буй мэт харагдаж, хүрэлцэн ирсэн зочид болж буй үйл явдлыг уулга алдан үзэж байлаа. Үнэхээр гайхамшигтай. Энэ нь магадгүй загварын түүхэн дэх хамгийн сүр жавхлантай шоугаар тодрох байх.
Нийт 46 төрхөөс бүрдсэн цуглулугыг урлахдаа Карл Лагерфельд 1914 онд нийтлэгдэж байсан "East of the Sun and West of the Moon" үлгэрийн номонд багтсан Данийн зураач Кея Нильсоны бүтээлүүдээс санаа авчээ. Ой мод, цэцэгс ба навчис, жижиг амьтад, гүнж ба түүний ханхүү, хааны ордон гэх зэрэг умардын эртний үлгэрүүдэд гардаг дүрслэлүүд шинэ цуглуулгын хувцаснууд дээр хээ хатгамал болон буусан байлаа. Fendi ордны хамт олон энэ удаад гар урлалын агуу чадвараа дахин нэг удаа бататгаж торон нэхээс мэт харагдах хонины ноосоор хийгдсэн ягаан даашинз, 1200 цагийн турш урласан олон мянган жижиг үслэг хэсгүүдээс бүрдсэн мозайк маягийн хатгамалтай пальто зэрэг ид шидийн загварууд танилцууллаа.