Buro 24/7 тойм: Louis Vuitton, cruise 2017
Рио-де-Жанейро
Зуны Олимп эхлэхэд гуравхан сар дутуу байгаа тул Рио-де-Жанейро хотын иргэд бэлтгэл ажлаа базааж, хүлээлтийн байдалд ороод байна. Тэд зөвхөн Олимпийн наадам гэлтгүй, мөн бусад томоохон төслүүдийг үзэсгэлэнт хотдоо зохион байгуулж, тун завгүй байгаа харагдана. Тухайлбал өчигдөр шөнө бүхний анхаарал Риод зохиогдсон Louis Vuitton-ы загварын шоу руу чиглэсэн байлаа. Оскар Нимайерын загварчилсан, сансрын нисдэг таваг мэт харагдах Niterói орчин үеийн урлагын музейд дизайнер Николя Жескьер брэндийн 2017 оны аяллын цуглуулгыг танилцууллаа.
Уг шоунд нийт 514 зочид цугларч, музейн гайхамшигтай орчинд тухлан суужээ. Зочдын эгнээний нэг талд Алисия Викандер, Зендая, ба Жейдэн Смит байсан бол, нөгөө талд Кейтрин Денюв суусан байлаа. Дашрамд дурдахад Николя Жескьер түүний шоуг үзэх гэж Риод тусгайлан хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо бүхэл өдрийн турш завгүй байлгаж, хотын хамгийн алдартай газруудыг танилцуулж, цагийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ.
Цуглуулгын хувьд гэвэл энэ нь Жескьерийн Louis Vuitton-д зориулж бүтээсэн хамгийн спортлог загварууд байлаа. Жескьер Риод зохиогдох Олимпийн наадмаас бүтээлч санаа авсан мэт тод өнгөтэй, биед эвтэйхэн хувцаснууд урласан байв. Тухайлбал улаан, цэнхэр, цагаан, хар гэх зэрэг өнгөнүүдээс бүрдсэн анхаарал татам даашинз усанд шумбагчийн өмсгөлийн бага зэрэг замбараагүй хувилбарыг санагдуулах болно. Мөн нимгэн материалтай парка хүрмүүд яг л ямар нэгэн улс орны туг мэт харагдана. Түүнээс гадна Жескьер цацагтай савхин даашинз, төмөр чимэглэлтэй богино хүрэм ба хар пальто, богино тайралттай трапеци өмд, гялалзсан хүзүүний алчуур гэх зэрэг Парис хотын уур амьсгалтай дэгжин загварууд цуглуулгадаа оруулсан байлаа. Эдгээр хувцаснууд нь ирэх улиралд нэлээд эрэлттэй байх шинжтэй байна.