Бюро 24/7 тойм: Calvin Klein, намар-өвөл 2017
Энэ бол Америк улс биш
Гурван хоногийн өмнө дизайнер Раф Симонс Calvin Klein-д зориулсан анхны загварын шоугаа Нью-Йорк хотноо зохион байгууллаа. Алдарт Бельгийн дизайнер уг шоугаараа дамжуулан брэндийн ирээдүйн чиглэлийг тодорхойлж, өөрийн алсын харааг илэрхийллээ. Арга хэмжээ зохион байгуулагдсан орчныг Раф Симонсын хамгаас дуртай уран бүтээлч Руби Стерлинг чимсэн бөгөөд түүний сэдсэн таазнаас унжих гэрийн тавилгууд хүрэлцэн ирсэн зочдыг гайхшруулж чадлаа.
Дэвид Боуигийн "This is not America" дууны ковероор эхэлсэн загварын шоу эхний мөчөөс эхлэн өөрийн үндсэн санааг ойлгууллаа. АНУ-ын хамгийн "америк" өв соёлтой брэндийг удирдах болсон гаднын дизайнер Раф Симонс анхны цуглуулгадаа Америкийн залуучуудыг төсөөлж, шинэхэн нүүж ирсэн улсдаа хүндэтгэл үзүүллээ.
"Би энэ орны гоо үзэсгэлэнг одоо хүртэл бодсоор л байна. Би одоо үүн дээр төвлөрөх болно. Миний бодлоор америкийн залуус энэ орны ирээдүй юм. Тэд боловсролтой, шударга, эрх мэдэлтэй бас үзэсгэлэнтэй байна. Гэхдээ би байдлыг хэтэрхий хялбараар хүлээж авч байж магад" хэмээн дизайнер тайзны ард WWD сэтгүүлд ярьжээ.
Цуглуулгад ерөнхийдөө шулуун эсгүүр давамгайлсан харагдана. Юнисекс загварын төгс оёдолтой брюк хослолууд, жийнсэн материалтай total look, минимал загвартай пальто болон Calvin Klein-ы сонгодог хувцаснууд загварын тайзан дээр ар араасаа гарч ирж байлаа. Симонс түүнчлэн цэцгэн хээтэй болон өдөн хийцтэй даашинз, миди урттай юбка гэх зэрэг эмэгтэйлэг загварууд урлаж, цуглуулгыг тэнцвэржүүлж өгчээ. Харин орчин үеийн архитектурын уур амьсгалтай, абстракт хэлбэр дүрстэй, тод өнгийн цамцнууд болон винил хальсаар бүрхэгдсэн тренч цувнууд дизайнерын нэрийн Raf Simons брэндийг санагдуулж байлаа.
Бүхэлд нь харахад Симонсын гараа тун амжилттай хийгдлээ. Брэндийн өв соёлыг хүлээн авч, брэндийн төрөлх Америк оронд хүндэтгэл үзүүлэх энэ шийдвэр их ухаалаг байлаа. Дизайнер ингэснээр өөрийн шинэ гүрнийг өөдрөг сэтгэлгээ, итгэл найдвараар дүүрэн эхлүүлж буй мэт санагдана.
Үндсэн элементүүд: Брюк өмдтэй хослол, сонгодог пальто, винил хальсаар бүрхэгдсэн цув, нарийн эсгүүртэй брюк өмд, захтай цамц, жийнс ба арьсан материалтай total look, график хээтэй пальто, АНУ-ын тугтай юбка.
Үс засалт ба нүүр будалт: Шулуун үс, ямар ч будаггүй байгалийн дүр төрх.
Үндсэн өнгөнүүд: Саарал, хул, ногоон, хар, цэнхэр, улаан.
Стилистик аргачлал: Нүцгэн бие дээр өмссөн пиджак, Брюк өмдтэй хослолыг ковбой хэв маягийн гуталтай хослуулах аргачлал.
Аксесуар: Ковбой гутал, төмөрлөг цүнх, гарын ноосон чимэглэл.
Бүтээлч санааны эх үүсвэр: Raf Simons брэндийн Radioactivity ба Kinetic Youth цуглуулгууд, америкийн сургуулийн спорт өмсгөл, Calvin Klein-ий сурталчилгаанд тоглосон Брук Шилдс, Calvin Klein-ы сонгодог загварууд.