Бюро 24/7 тойм: ГОЁО, намар-өвөл 2017/18
Шинэ цуглуулгын төрх бүрийг танилцуулж байна
Энэ намар-өвлийн улирал Гоёо брэндийн хувьд нэгэн шинэ эриний эхлэл болж байна. Байгаль орчиндоо илүү анхаарал халамжтай, бодлоготой, тогтвортой эрин үе ирлээ. Монгол улсынхаа нүүдлийн мал аж ахуй, нутаг бэлчээрийг хамгаалан, сэргээхийн төлөө санаачилгатай ажиллан, малын тоо толгойг бэлчээрийн даацад тааруулан маллах, ноолуурын чанарыг сайжруулсан малчдыг хөхүүлэн дэмжих, тогтвортой хөгжил бий болгох зорилгоор брэндийн хамт олон "Herders" (малчид) нэртэй төсөл эхлүүллээ. Гоёо брэнд энэхүү шинэ бодлогын дагуу боловсруулагдсан анхны цуглуулгаа амжилттай танилцуулан, бусдаас нэг алхмаар түрүүлж, байгаль орчноо хайрлах дэлхийн давлагаанд нэгдлээ.
Гэхдээ загвар гэдэг зүйл ёс зүйтэй байхаас гадна, загварлаг байх учиртай. Учир нь эмэгтэйчүүд зөвхөн дэлхийд ээлтэй үйлдэл хийхийн төлөө өөрт таалагдахгүй зүйлээ худалдан авна гэдэг тун ховор шүү дээ. Тийм ч учраас Гоёо брэндийн дизайнерууд шинэ төсөл эхлүүлэхийн зэрэгцээ хувцасныхаа дизайныг ч бас өөрчиллөө. Загварын шоуг нээхээр гарч ирсэн Нора Дагвагийн төрх цуглуулгын тэрхүү шинэ чиглэлийг төгс илтгэнэ. Улаан ба цагаан өнгийн хослол, сул загварын кардиган цамц болон том хэмжээтэй ээмэг зүүсэн тэрээр Гоёо брэндийн урьд өмнөх минимал хэв маягийг ор тас мартагдуулж, цоо шинэ уур амьсгал авчирлаа. Түүний араас алхах загвар өмсөгчдийн цэргийн хэв маягтай, oversize загварын улаан пальто, трапеци хэлбэрийн сул өмд, олон өнгийн геометрын дүрстэй свитер цамц зэрэг нь брэндийн илүү өнгөлөг, шинэ төрхийг улам бүр баталгаажуулсан юм. Улаан, хөх ягаан, ягаан, цэнхэр ба шар өнгөнүүдийн пастель туяанууд дээр төвлөрсөн, сул эсгүүр ноёрхсон, судалтай хээ агуулсан энэхүү цуглуулга нь бүхэлдээ 1970-аад оны богемын хэв маягийг санагдуулж байлаа.
Тайзнаа гарах загварууд юуны түрүүнд өөрийн тод өнгөөр анхаарал татах ч, цуглуулгын нандин баялгууд үнэндээ хувцаснуудын жижиг деталиудад оршиж байв. Үелсэн эргэлт, гурамсан сүлжээс, нэхмэл-сүлжмэл хослуулсан аргачлал, тунгалаг нарийн утсыг ноолууртай хослуулан сүлжсэн нарийн ажиллагаанууд загвар бүрийг онцгой болгожээ. Түүнчлэн цамц ба даашинзуудын бөмбөгөр ханцуй, пальтоны ханцуй дээрх эрвээхий зангилаа зэрэг нь эмэгтэй хүн бүрийн сэтгэлийг өөрийн эрхгүй булаадаг чамин элементүүд байсан юм.
Намар-өвөл 2017/18 цуглуулгын бас нэгэн давуу талыг дурдахгүй өнгөрч болохгүй. Дизайнерууд энэ удаад хувцасны эсгүүрээр тоглолт хийж, дэлхийн загварын тайзнаа ноёрхож буй өндөрлөсөн, өргөн мөртэй power dressing хэв маягийн пальто ба богино хүрэм танилцууллаа. Ерөнхийдөө энэ жилийн пальтонуудыг энгийн гэдэг үгээр яав ч тодорхойлж болохгүй. Бүгд өөрийн гэсэн онцлог, хэв шинжтэй байсан нь хэрэглэгчдэд маш өргөн сонголт бий болгосон юм. Өргөн мөртэй загвараас гадна энд япон маягийн өндөр захтай, дөрвөлжин том халаас бүхий цэргийн аястай, сул ханцуйтай самурайн өмсгөлийг санагдуулам гээд бүсгүй бүрийг бусдаас онцгой болгох төрөл бүрийн хувилбарууд үзэгдлээ.
Энэ бол Гоёо брэндийн загварын шоуны ердөө л эхний хэсэг байсан юм. Харин хоёрдугаар хэсэг нь Испани улсын алдарт дизайнер Сибиллатай хамтарсан цуглуулгаас бүрдэнэ. Дэлхийн ноолуурын зах зээл дэх үндсэн тоглогчдын нэг болох зорилт тавьсан Гоёо брэнд "Бэлчээр-мал-малчид-чанартай бүтээгдэхүүн-хэрэглэгч" уриан дор тогтвортой ноолуур төслийг хөгжүүлэхийн хажуугаар дэлхийн хэмжээний томоохон дизайнертай хүчээ нэгтгэснээр өөрсдийн цар хүрээг тэлж байна. Сибилла бол Кристобаль Баленсиагагийн дараа орох Испанийн хамгийн чадварлаг дизайнерт тооцогддог. Түүний гоо зүйн мэдрэмжийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгосон, зугаатай, тансаг гэх үгсээр тодорхойлно.
Сибиллагийн цуглуулга Гоёо-гийн үндсэн цуглуулгатай 1970-аад оны ретро уур амьсгалаараа нэгдэн ууссан байлаа. Гэхдээ дизайнерын цуглуулгыг нээн гарч ирсэн модель Энэрэл өөрийн цовоо алхаа, сээтгэнэсэн харц, хөнгөн инээмсэглэлээр загварын тайзнаа бас нэгэн ондоо энерги мэдрүүлсэн юм. Загвар өмсөгч хүн тухайн хувцасны утга санаа, агуулгыг өөрийн үйл хөдөлгөөнөөр илэрхийлэх урлагийг Сибилла бидэнд харууллаа. Инээмсэглэл цацруулсан моделиуд нэн даруй өөдрөг уур амьсгал бүрдүүлж, цуглуулгын эмэгтэйлэг, өнгөлөг, зугаатай санааг маш тодорхой илэрхийллээ. Хэрвээ Гоёо-гийн үндсэн цуглуулга илүү зөөлөн өнгөнүүдээс бүрдэж байсан бол, Сибиллагийн брэндэд зориулсан загварууд хурц өнгөнүүдээр дүүрэн байлаа. Тэр дундаа гал халуун улаан өнгө тайзнаа давамгайлж, загвар өмсөгчдийн улаан уруултай хосолсноор Парис бүсгүйн сонгодог атлаа сэтгэл булаам дүр төрхийг бүрдүүллээ. Цуглуулгын үндсэн загваруудыг нэрлэвэл үүнд хур хорхойн үр мэт бэлхүүс тодотгосон даашинз, энгэр дээрээ том зангилаатай хүрэм, хоёр талт өнгийн гадуур хувцас хамрагдана. Түүнчлэн загварын шоунд хүрэлцэн ирсэн зочдыг хамгаас их гайхшруулсан ганц зүйл нь хувцаснуудын материал байсан юм. Холоос харахад яг л торго мэт намирч, моделиудын галбирыг зөөлөн ороох хувцаснууд үнэн хэрэгтээ ноолуураар хийгдсэн нь материалын дээд зэргийн боловсруулалт, нарийн ажиллагааг илтгэнэ.