Бюро 24/7 тойм: Gucci, намар-өвөл 2019 цуглуулга
Aйдас хүйдэс төрүүлэм хачирхалтай шоу ба Алессандро Микелегийн авангард загварууд
Гайхалтай уран сэтгэмжээрээ үргэлж биднийг гайхшруулж чаддаг Алессандро Микеле Миланы загварын долоо хоногийн эхний өдөрт зориулан айдас хүйдэс төрүүлэм хачирхалтай загварын шоуг зохион байгууллаа. Учир нь шоунд "Gabriel's Message" гэх дуурийн дуулал, араатнуудын архирах чимээтэй холилдон эгшиглэхийн сацуу "Friday the 13th" киноны гол дүр болох алуурчин Жейсон Вурхизийг санагдуулам хачирхалтай баг, хадаасан чимэглэлтэй чокер зүүлт, нүсэр ээмэг зүүсэн, уйлж буй мэт харагдах нүүр будалттай загвар өмсөгчид Алессандро Микелийн урласан авангард загваруудыг танилцуулсан юм. Түүний шинэ цуглуулгад 1940-өөд онуудад ноёрхож байсан сул эсгүүрийн пиджак, өндөр суудалтай брюк өмд, өргөн мөртэй хүрэм, "boiler suit" буюу ажил хэрэгч загварын комбинзон зэрэг винтэж уур амьсгалтай загварууд багтсан ба тэдгээрийг алиалагчийн өмсгөлийг санагдуулам нүсэр зах, ил харагдах оёдол, тэгш бус байдал зэрэг жижиг элементүүдээр баяжуулж авангард уур амьсгалд оруулжээ. Өнгөний хувьд ногоон, улаан, шар, цэнхэр зэрэг Gucci-ийн илэрхийлэл болсон тод өнгөнүүд давамгайлсан байлаа.