Бюро 24/7 тойм: Louis Vuitton, resort 2019
Дүрслэх урлагийн төв гэгддэг Сен-Поль-де-Ванс хотод зохиогдлоо
Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьер 2019 оны аяллын цуглуулгаа Францын Сен-Поль-де-Ванс хотод орших орчин үеийн дүрслэх урлагийн Fondation Maeght музейд танилцууллаа. Тус музей сонирхолтой хийц бүхий хөшөө, баримлуудаараа алдартай бөгөөд Николя аяллын цуглуулгаа тэдгээр үзмэрүүдээс санаа аван бүтээсэн тухайгаа онцолж байлаа.
Геометрийн хээ, романтик хэв маяг, орчин үеийн эсгүүр гэх зэрэг олон элементүүдийг нэг дор шингээсэн аяллын цуглуулгыг дан ганц хэв маягаар тодорхойлох нь хангалтгүй байлаа. Тухайлбал хагас ханцуйтай, битүү энгэртэй силуэт нь "Оддын Дайн" киноны Жедайн дүрийг санагдуулж байсан бол, намирсан даашинзуудад уран зураач Сандро Боттичеллигийн романтик хэв маягийг шингээжээ. Түүнчлэн энэ удаагийн цуглуулгад Николя Жескьер гар цүнхнүүдийн загварыг Vogue сэтгүүлийн бүтээлч захирал Грейс Коддингтонтой хамтран гаргасан гэдгээрээ онцлог болоод байна. Грейс цүнхний загваруудыг өөрийн тэжээмэл амьтдаас сэдэвлэжээ.
Үндсэн элементүүд: Том эсгүүртэй хослол, романтик цацаг, геометрийн хээ, oversize загварын савхин хүрэм, задгай ханцуй, ретро хээ.
Үс засалт ба нүүр будалт: Хайхрамжгүй үс засалт, байгалийн будалт.
Үндсэн өнгөнүүд: Цайвар бор, саарал гэх мэт завсрын өнгөнүүд, хүрэн ягаан, тод улаан ба хар өнгөний хослол.
Стилистик аргачлал: Олон давхарлах аргачлал, бэлхүүс тодотгох бүс, шоорт болон пиджакны хослол, олон хээг нэг дор холих.
Аксесуар: Өвдөг давсан пүүз, амьтны хэлбэртэй гар цүнх, том арьсан цүнх, том ээмэг, берет малгай, том нарны шил.
Бүтээлч санааны эх үүсвэр: Музейн баримлууд, романтизм, эклектик ба контемпорари хэв маяг.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт