Бюро 24/7 тойм: Missoni, pre-fall 2017
Сүлжмэл загварууд
Ирэх онд дизайнер Анжела Миссони үе удам дамжсан Missoni брэндийн бүтээлч захирлаар ажилласны хорин жилийн ойн баяраа тэмдэглэх болно. Үүнтэй холбогдуулан pre-fall улирлын шинэ цуглуулгыг бүтээхдээ тэрбээр ордны эртний архивын загварууд дээр үндэслэн ажиллажээ.
Цуглуулга бүхэлдээ сүлжмэл загваруудаас бүрдсэн бөгөөд хувцаснуудын эсгүүр ба дизайн нь 1970-аад оны хэв маягийг санагдуулж байлаа. Мини болон макси даашинзууд, трапеци хэлбэрийн богино өмд, сул загварын свитер болон том хэмжээтэй аксесуарууд эртний уур амьсгал агуулахын зэрэгцээ мөн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг баримталсан байв.
Анжела цуглуулгын өдөр тутмын загваруудад хар-цагаан судалтай хээ, элсэн бор туяанууд болон саарал ба цайвар цэнхэр өнгөнүүд ашигласан байна. Харин үдшийн хувцаснуудыг тэр люрекс материалаар урлаж, илүү анхаарал татам болгожээ.