Хайх

Бюро 24/7 тойм: Шангри-Ла Молл намар/өвөл 2017 загварын шоу

Бюро 24/7 тойм: Шангри-Ла Молл намар/өвөл 2017 загварын шоу

Энэ намрын загварын чиг хандлагууд

Text: Г.Тэмүүлэн


Шангри-Ла Молл 2017 оны намар-өвөл зонхилох ерөнхий чиг хандлагуудыг харуулсан загварын шоугаа танилцууллаа

Өнгөрсөн баасан гарагт Шангри-Ла Молл худалдааны төвийн нэг давхар олон улсын жишигт нийцсэн загварын тайз болон хувирлаа. Зохион байгуулагчид мэргэжлийн стилистийн багтай хамтран өөрийн төлөөлдөг брэндүүдийн хувцаснуудыг тодотгосон сонирхолтой дүр төрхүүдийг гаргаж ирсэн байв. 2017 оны намар-өвлийн гол чиг хандлагууд амилсан энэ үдэш ирсэн зочид "Romantic" , "Street style", "Fashionista" гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн хувцаслалтын 100 гаруй санааг шоунаас үзэж сонирхсон юм.

Загварын шоунд "Монгол Модель" агентлагийн загвар өмсөгчид оролцож, DJ Henza эрч хүчтэй дуунуудаа эгшиглүүлсэн бөгөөд тайзнаа "Sisley", "Geox", "Twinset", "Gerard Darel", "Trippen", "AIGLE", "ГОЁО", "Levi's", "Dr.Martens", "Rinascimento", "Style Аvenue" болон бусад дэлхийн алдартай брэндүүдийн хувцаснууд танилцуулагдлаа.

Rinascimento, Style Avenue, Gerard Darel

Арга хэмжээний салхийг Rinascimento ба Style Avenue-гийн загварууд хагалж, тайзан дээр эмэгтэйлэг дүр төрх зонхиллоо. Пастель, хар ба саарал өнгийн хээнцэр, ажил хэрэгч загваруудыг өдөр тутмын чөлөөт хувцаснуудтай хослуулсан нь ихээхэн анхаарал татлаа. Тансаг ба энгийн хувцаснуудыг хооронд нь зохицуулан өмсөх нь загварлаг харагдахыг хүссэн хүн бүрийн мэргэшвэл зохих, хамгийн гол аргачлалуудын нэг юм. Үүнээс гадна анхаарал татам толгойн гоёлууд, барокко хэв маягтай, алтлаг аксесуарууд зүүсэн нь моделиудын дүр төрхийг илүү нэгдмэл болгож, өвөрмөц өнгө аяс нэмжээ. Харин шоуны хоёрдугаар хэсэгт тайзан дээр Францаас гаралтай Gerard Darel ба Италийн Geox брэндийн загварууд хосолж, эрч хүчтэй, ажил хэрэгч эмэгтэйн дүр төрх үзэгдсэн юм. Энд геометрийн хээ, судалтай хослолууд, тренч цув ба хөлд эвтэйхэн, намхан ултай гуталнууд давамгайлсныг онцлох хэрэгтэй.

Levi's, Dr. Martens

Загварын шоуны дунд үеэс эхлэн Levi's болон Dr.Martens брэндүүд энэ намрын street style, чөлөөт хувцасны чиг хандлагыг тодорхойлсон байгаа. Эрэгтэй ба эмэгтэй моделиуд бомбер хүрэм болон жийнсэн материалтай хувцсаар гоёж, өөртөө итгэлтэйгээр тайзнаа алхлаа. Dr.Martens брэндийн арьсан үүргэвч, гранж стилийн хагас түрийтэй гуталнууд эршүүд хэрнээ загварлаг хэв маяг бүрдүүлсэн байв. Үүнээс гадна үзэгчид бяцхан моделиудыг өхөөрдөн харж, хүүхдийн загваруудыг үзэж сонирхсон юм.

AIGLE, Geox, Sisley 

Шангри-Ла Молл дотор нээгдээд удаагүй байгаа Sisley брэнд энэхүү загварын шоунд шинэлэг дизайнтай, намар-өвлийн загваруудаараа оролцсон юм. Тэд хаки ногоон өнгө голчилсон үслэг оруулгатай хүрэм, ханцуйгүй топ ба өмдний хослол, кюлотт өмд, савхин хантааз гэх зэрэг энэ улиралд тренд болж буй загваруудыг дэлгэлээ. Мөн Францын 160 гаруй жилийн түүхтэй AIGLE брэнд нь байгалийн каучук материалаар хийсэн усны гутал ба загварлаг борооны цуваараа алдартай. Тэгвэл тэд манай орны эрс тэс уур амьсгалд төгс нийцсэн загваруудаараа сэрүүн өдөр ч загварлаг хувцаслаж болохыг тайзан дээр бидэнд харуулсан юм.

ГОЁО, Trippen, Twinset

Түүнчлэн саяхан шинэ цуглуулгаа гаргасан ГОЁО брэндийн сул эсгүүртэй, минимал загварууд Trippen-ийн дахин давтагдашгүй дизайнтай арьсан гуталнуудтай хосолсон нь анхаарал ихэд татлаа. Биед эвтэйхэн атлаа тансаг хувцаслах аргачлалыг эндээс харах боломжтой. Харин загварын шоуг Twinset брэнд үслэг эдлэл, торон нэхээснээс бүрдсэн романтик аястай загваруудаараа хаасан юм. Тус брэндийн загварууд 1970-аад оны богем стилийг санагдуулам, эмэгтэйлэг, эрч хүчтэй цуглуулгуудаас бүрдсэн байгааг харах боломжтой.

цааш үзэх