Бюро 24/7 тойм: Vetements, хавар-зун 2018
Демна Гвасалиягийн ээлжит сюрприз
Демна Гвасалиягийн удирддаг Vetements брэнд төв оффисоо Цюрих хот руу нүүлгэж, уламжлалт хэлбэрийн загварын шоунаас татгалзаж, өөрсдийн этгээд бодлогоо үргэлжлүүлж байна. Хэний ч толгойд оромгүй хачирхалтай санаануудыг хэрэгжүүлж, үүнийхээ ачаар үргэлж анхаарлын төвд байдаг брэндийн хамт олон энэ удаад ч бас олныг гайхшруулж чадлаа. Тэд нэгдсэн хуваарийн дагуу Парисын загварын долоо хоногийн хүрээнд шинэ цуглуулгаа танилцуулах учиртай байсан ч үүний оронд Сен-Лазар төмөр замын станц дээр нэгэн жижиг хэмжээний арга хэмжээ зохион байгуулсан юм. Хавар-зун 2018 цуглуулгын нэрэмжит тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид ханан дээр наасан аварга том каталогийн зургуудыг үзэж, энгийн хүмүүст зориулагдсан этгээд хувцаснуудыг сонирхжээ.
Дизайнер шинэ каталогийн зураг авалтад мэргэжлийн загвар өмсөгчид биш, харин энгийн хүмүүсийг хамруулсан байлаа. Швейцарын Цюрих хотын гудамжаар алхалж буй их сургуулийн сурагчид, банкны ажилчид ба тэтгэвэрт гарсан иргэд цуглуулгаас өөрт таалагдах загваруудыг сонгож, камерын өмнө зогсжээ. Түүнээс гадна Vetements ордон энэхүү цуглуулгад Tommy Hilfiger, Umbro, Reebok гэх зэрэг брэндүүдтэй хамтран ажилласан байгаа.