Бюро 24/7 тойм: Yamá хавар/зун 2017
The Essence of Freshness
Энэ зуны хамгийн хүлээлттэй цуглуулга өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байна. Хүлээлттэй гэж хэлсний учир гэвэл анх Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн загварын шоунд, дараа нь Хаан банкны Michel & Amazonka марктай хамтран танилцуулсан Glamour загварын шоунд Yamá брэнд хавар, зун 2017 шинэ цуглуулгаа танилцуулахад үзэгчид маш өндрөөр үнэлж, хэзээ худалдаанд гарах вэ гэдгийг нь хамгийн түрүүнд асууж байсан юм. Итали дизайнерын бүтээсэн энэхүү цуглуулга сүлжмэл, нэхмэл, оёмол, принттэй 110 орчим загвартай бөгөөд өмнөх улирлын минимал, сул хийцтэй уур амьсгалаа үргэлжлүүлжээ.
"Монгол хүнд төгс тохирох тансаг загварын хувцас" гэж тодорхойлж болох энэхүү шинэ цуглуулгад ноолуурыг цоо шинэ шатанд гаргасан, өмнөх загваруудаас 25 хувийн хөнгөн нимгэн утас, сийрэг нэхээстэй шоотой даавуу ашигласан учраас зуны улиралд нэн тохиромжтой, биед эвтэйхэн болжээ. Цуглуулгад багтсан шулуун өмд, сул загварын пальто зэргийг кеттэй хослуулж өмсөх дүр төрх санал болгосон нь хэрэглэгчиддээ дээд зэргийн хөдөлгөөний эрх чөлөө, өөрөөрөө байх боломжийг олгосон загваруудыг улам ч сэтгэл татам харагдуулж байна.
Үндсэн элементүүд: Жаккард, тагнай хээ, хавтан шилжүүлэг, үелсэн фүкүро, ажур зэрэг 15 шинэ сүлжээсээр баяжуулсан өдөр тутмын хувцаснууд. Бүдүүн, нарийн утас хослуулан 3D хээтэй сүлжээс гаргасан загварууд. Мөн ноолуурнаас гадна дэлхийн загварын чиг хандлагад зонхилж буй секүйнтэй утас, хэвлэмэл торгон утас.
Үндсэн өнгөнүүд: "The Essense of Curiosity" буюу цэцгийн дэлбээний туяанаас гаргаж авсан өнгөнүүд. Энэ нь хүнд өөрийн зан чанар болон эрч хүчийг илэрхийлэн харуулах боломж олгоно. Мөн "The Essense of Freshness" гэж нэрлэсэн далайн гүн хөх өнгөнөөс усан цэнхэр өнгө хүртэлх өнгөний уусгалтууд.
Голлох загварууд: Шинэ нэмэлт бүтээгдэхүүн нарийн ноолууран хөнгөн куртка. Хэлхгэр, сул загварын болон шоотой хээ бүхий сийрэг нэхээстэй ноолууран пальто.
Аксесуар: Гарьхан цэцгийн дэлбээний өнгөний уусалт бүхий цэцэгс болон угалзан хээний зохиомжтой принттэй шааль, ороолт. Хөх өнгөний уусгалт бүхий геометрийн дүрс, XIX зуны угалзан хээтэй принт зэрэг зохиомжийг шинэ 3D нэхээсээр бүтээсэн нэхмэл бүтээгдэхүүнүүд.
Бүтээлч санааны эх үүсвэр: Урьд өмнө нь хэн ч санал болгож байгаагүй тансаг мэдрэмжийг хэрэглэгчиддээ хүргэх хүсэл.