Өөгүй төгс байдлын илэрхийлэл болсон Jil Sander-ийн шинэ цуглуулга
Намар-өвөл 2020 улиралд зориулсан эрэгтэй цуглуулга
Jil Sander брэндийн Люси Мейер болон Люк Мейер нар намар-өвөл 2020 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа Флоренц хотноо зохион байгуулагдаж буй Pitti Uomo үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Өөгүй цэмцгэр, төгс төгөлдөр загваруудаараа алдартай Jil Sander брэнд энэ удаа минимал суурьтай тэйлор болон чөлөөт хэв маягтай загваруудаас бүрдэх цуглуулга урлажээ. Хурц эсгүүр бүхий тэдгээр загваруудыг энгэрийн тэмдэг, сорочка цамцны гялалзсан чимэглэлээр баяжуулан, ноолууран ороолт, уулчны гутал, өвөрмөц хэлбэртэй tote гар цүнхтэй хослуулсан нь төрхүүдийг улам анхаарал татам болгож байлаа. Харин чөлөөт загварууд дунд том захтай ноолууран цамц, поло, юүдэнтэй цамц, пончо зэрэг багтсан бол өнгөний хувьд гүн хөх, beige, саарал ногоон, хар ба цагаан өнгөнүүд давамгайлсан юм.