Хайх

Кутюр загварын долоо хоног: Armani Prive, хавар 2016

Кутюр загварын долоо хоног: Armani Prive, хавар 2016

Хөх ягаан үдэшлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жиоржио Армани бол Холливудын улаан хивс дээр тэргүүлж яваа дизайнеруудын нэг юм. Түүний эмэгтэйлэг, нарийн ажиллагаатай, нэг өнгөөр дагнасан цуглуулга үүний бас нэгэн баталгаа боллоо

Жиоржио Армани нэг сэдэв сонгосон бол түүнийгээ няцашгүй дагадаг нэгэн. Түүний цуглуулга бүхэлдээ хөх ягаан өнгөнөөс бүрдэж, хөнгөн бас эмэгтэйлэг загварууд дээр төвлөрсөн байна. Нэвт гэрэлтэх органза, gazar буюу хоёр давхар нэхмэл утсыг нэг болгон оёсон торго, crinoline буюу хормойг хэлбэртэй харагдуулах зорилготой  давхарга гэх материалуудаар оёгдсон даашинз, юбка, цамц, өмд зэрэг хувцаснууд тайзнаа гарсан. Загвар өмсөгчдийн Кэтти Перри хэв маягтай хар, богинохон үстэй эдгээр загварууд сайхан  хосолж, маш ялдам, зөөлөн төрх гаргаж байлаа.

Армани цуглуулгадаа гудамжны хувцасны дүрсийг ашиглаж, кутюр загвар болгон хувиргасан байна. Тухайлбал бейсболын хүрмийг тэр богино эсгүүртэй болгож, жаккард материалаар урлаж, болор талст шигтгээгээр чимжээ. Харин бидний сайн мэдэх сул загварын карго өмдийг дизайнер хуниасаар гоёжээ. Хоёр талдаа том хуниастай өмдийг анх харахад арай "хэтэрхий" мэт санагдах боловч дахин нэг удаа лавшруулан ажиглахад түүний гоо үзэмж нь мэдрэгдэх болно.

Ихэнх кутюр цуглуулгууд өдрийн гэхээсээ илүү оройн хувцаслалтад төвлөрдөг. Жиоржио Армани ч мөн адил нэлээд хэдэн газар хүрсэн хөвсгөр хормой бүхий гүнжийн даашинз танилцууллаа. Гялалзсан чимэглэлтэй үлгэрийн даашинзууд Оскар ойртож буй энэ үед хэн нэгэн алдартны хараанд өртсөн гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх