Кутюр загварын долоо хоног: Tony Ward, хавар 2016
Давлагаа
Тони Уорд уламжлал ёсоор зөвхөн даашинз дээр төвлөрсөн цуглуулгаа бүтээжээ. Цуглуулгад мэдээж хэрэг богино шоорт бүхий хослол ба хүрэм гэх зэрэг ганц хоёр өөр загварууд орсон ч гэлээ тэд тэр их гоёмсог даашинзуудын дэргэд бараг анзаарагдахгүй байлаа. Хэдэн зуун метр материал, тоолшгүй олон болор талст шигтгээнүүд, маш нарийн ажиллагаатай гар урлал, нямбай оёсон хуниаснууд гэх элементүүдээс Тони Уордын шинэ цуглуулга бүрджээ. Тэрбээр ерөнхийдөө кутюр загварт нэлээд уламжлалт сэтгэхүйгээр ханддаг нэгэн. Dior ба Chanel-ын шоунууд дээр хааяа үзэгддэг кет, өдөр тутмын хувцас зэрэг нь Уордын тайз дээр хэзээ ч гарч ирэхгүй. "Би цуглуулгаараа дамжуулан хэрэглэгчдийнхээ амьдралд бага ч болов уу chic нэмэхийг хүсдэг" хэмээн дизайнер нэг биш удаа хэлж байсан.
Түүний цуглуулга үргэлж саармаг өнгөтэй, сонгодог дүрстэй байдаг ч дизайнер улирал бүр ямар нэгэн шинэ концепц сэдэж байдаг. Энэ удаад тэр загварууддаа агаарын хөдөлгөөнийг шингээхийг хүсжээ. Даашинз дээрх долгиолсон давлагаа болон саарлаас хөх ягаан хүртэл шилжсэн өнгөний иж бүрдэл нь тэрхүү санааг илтгэжээ.