93// Kidult брэнд өдөр тутмын энгийн хувцастай 93// Basic цуглуулга гаргалаа
Энгийн бүхэн агуу
"Энгийн бүхэн агуу. Энгийн л нэг өдөр эхлэхэд бид бөмбөрцөг дотроо эргэлдэнэ. Энгийн нэг хэлсэн үг, энгийн л нэг харц, энгийн нэг инээд хүн бүрт харилцан адилгүй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Зөрөөд өнгөрөх хүн энгийн харагдах атлаа хязгааргүй нууцлагдмал. Та үүний өчүүхэн хэсгээс мэдрэх аваас улам татагдан шунах болно" гэх үгсээр 93//Kidult-ийн хамт олон шинэ цуглуулгаа тодорхойллоо.
Албан ёсоор 93// Basic хэмээн нэрлэгдэх энэхүү шинэ цуглуулга нь өдөр тутамд өмсөх боломжтой, хүн бүрийн хувцасны шүүгээний үндэс болсон, зайлшгүй шаардлагатай загварууд санал болгох юм. Юутай ч зохицох төгс цагаан футболка, өмссөний дараа тайлах хүсэл төрөхгүй биед эвтэйхэн хөвөн даавуун цамц гэх зэрэг энгийн атлаа загварлаг хувцаснууд улирал үл хамааран хэзээ д хэрэг болдог төдийгүй, моодноос гарна гэсэн ойлголт байдаггүй. Загварын салбар хэтэрхий хурдацтай хөгжиж, максимализм ба стайлингийн хэтрүүлэг хүчээ авсан өнөө үед энгийн зүйлс улам үнэ цэнэтэй болж, бид эхлэл рүүгээ буцаж байгаа гэж хэлж болно. Яг л энэ санааг 93//Kidult-ийн хамт олон шинэ цуглуулгаараа дамжуулан хүргэхийг зорьж байгаа бололтой. Мөн мэдээж хэрэг эдгээр энгийн загварууд нь ямар ч загварлаг хувцасны шүүгээний үндэс суурь болж өгөх юм.
93// Basic нь сар бүр шинэ загварууд танилцуулах болно.