Кутюр загварын долоо хоног: Christian Dior, хавар 2016
Кутюрын шинэ реализм
Жон Гальяногийн бүтээлч захирлаар ажиллаж байх үед Dior-ын кутюр шоунууд маш этгээд төрх, авангард дүрс, хэтрүүлсэн их чимэглэлээр дүүрэн байсан. Загвар өмсөгчид тайзаар алхахын тулд заримдаа хэн нэгний туслалцаа авах хэрэг гардаг байсан. Гальяногийн ажлыг үргэлжлүүлэхээр ирсэн Раф Симонс харин гурван жилийн турш Dior ордныг минимал хэв маяг доор удирдсан. Тэрбээр хувцасны оёдол, эсгүүр, нарийн детальд илүүтэйгээр анхаарч, чамин загварууд танилцуулсан билээ.
Тэгвэл өчигдөр Dior брэнд бүтээлч захиралгүйгээр гаргасан анхны кутюр цуглуулгаа танилцууллаа. Брэндийн урлангийн удирдагчид болох Серж Руффье ба Люси Майер нар цуглуулгыг хариуцсан бөгөөд өдөр тутамд өмсөж болох кутюр загварууд харууллаа. "Кутюрийн шинэ реализм" гэж нэрлэгдсэн энэхүү цуглуулгад брэндийн таних тэмдэг болсон нарийхан бэлхүүс ба хонхон хэлбэртэй хормой орсон нь баярлууштай ч кутюр бүтээлийн "wow effect" мэдрэгдсэнгүй. Дээд хэсэгтээ нарийхан атлаа доод хэсэгтээ хонхон хэлбэр үүсгэсэн ханцуйтай, сараана цэцгийн хатгамалтай цагаан өнгийн хүрэм л ганцхан "кутюр" ангилалд багтах зүйл мэт санагдана. Цуглуулга бүхэлдээ А дүрстэй, хажуу талдаа оноотой торгон юбка, тэгш хэмгүй энгэртэй цамц ба даашинз, хуниастай юбка гэх зэрэг эмэгтэйлэг загваруудаас бүрджээ.