Хайх

Кутюр загварын долоо хоног: Christian Dior, намар-өвөл 2016

Кутюр загварын долоо хоног: Christian Dior, намар-өвөл 2016

Гуравдах сонголт гэж үгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Dior-ын дизайнерууд үүсгэн байгуулагчийнхаа баялаг өв залгамжлалыг сайтар судалснаар олны таашаалд хүрсэн цуглуулга бүтээлээ

Раф Симонсыг Dior-оос явснаас хойш брэндийн хамт олон дөрвөн улирлын турш бүтээлч захиралгүйгээр бие даан цуглуулга бүтээсэн билээ. Загварын ордны дизайны багт олон жилийн турш ажиллаж ирсэн Швейцарийн дизайнерууд Серж Руфье ба Люси Мейер нар цуглуулгуудыг хариуцаж байсан бөгөөд энэ хугацаанд тэдний нэр дэлхий дахинаа танигдаад амжжээ. Тэд өмнөх улирлуудад дундажийг барьсан, анхаарал таташгүй, саармаг цуглуулгууд танилцуулсан бол энэ удаад Руфье ба Мейер нар үнэхээр олныг гайхшруулж чадлаа. Харамсалтай нь энэ нь дотоодын дизайны багийн хариуцсан сүүлийн цуглуулга байх өндөр магадлалтай юм. Учир нь загварын ертөнцөд Dior-ын шинэ бүтээлч захирлаар Мария Грация Кьюри тодорно гэх цуурхал тархаад байгаа бөгөөд хэрвээ энэ нь үнэний ортой цуурхал бол шинэ дизайнер албан тушаалдаа тун удахгүй очих гэж байгаа аж.

Руфье ба Мейер нарын кутюр хувцаснууд орчин үеийн кутюр төрлүүдээс гайхамшигтайгаар ялгарч байлаа. Тэдний гоо зүйн мэдрэмж дизайнер Бушра Жаррарын хэв маягийг санагдуулж байв. Гэхдээ энэ нь тэдний урласан хувцаснууд Жаррарын загваруудтай адилхан харагдсан гэж байгаа юм биш. Харин ч эсрэгээрээ бүр огтхон ч адилгүй байлаа. Жаррар өөрийн загварууддаа илүү нимгэн материал, тэгш өнцөгт эсгүүр оруулах дуртай бол Руфье ба Мейер нарын шинэ загваруудад том хэмжээс, долгиолсон материал, шинэлэг элемент агуулсан New Look төрх шингэсэн байсан юм.

Дээр дурдагдсан дизайнеруудыг адилтгаж байгаа зүйл бол тэдний хувцаснуудын эцсийн хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл Руфье ба Мейер болон Жаррар нар бодит ертөнцийн, бодит эмэгтэйчүүдэд зориулсан, зөвхөн үдэшлэг ба ёслол дээр биш, харин өдөр тутамд өмсөж болохуйц, функц ихтэй кутюр загварууд урладаг юм.

Дизайнерууд намар-өвөл 2016 улирлын цуглуулгаа Парис хотын Монтений өргөн чөлөөн орших домогт № 30 байшинд зохион байгуулжээ. Энэ байшинд 69 жилийн өмнө Dior-ын үүсгэн байгуулагч Кристиан Диор хамгийн анхны загварын шоугаа зохиож байсан юм. Барилга доторх ханыг шоуны зохиогчид дан цагаан өнгөөр будаж, хэсэг газраар алтан өнгөтэй будагнууд оруулсан байлаа. Энэхүү интерьер засал нь тайз дээгүүр алхах алтан чимэглэлтэй хар цагаан өнгийн хувцаснуудтай моделиудын төрхтэй төгс нийцэж байв.

Руфье ба Мейер нар энэ удаагийн цуглуулгыг Dior брэндийн алдарт "New Look" төрх ба бэлхүүс тодотгосон "Bar" пижак дээр суурилан бүтээжээ. Тэд нямбай эсгүүртэй урт пижак доогуур намирсан торон хормойтой юбка, трапеци хэлбэрийн захтай цамц доогуур шулуун тайралттай өмд, мөн нэвт гэрэлтэх урт цамц доогуур хөвсгөр хормойтой юбка хослуулсан харагдлаа. Ерөнхийдөө цуглуулгын хувцас бүр гар ажиллагаа ихтэй, нарийн чимэглэлтэй, төгс эсгүүртэй байсан ч гэлээ, загварын тайз дээр тайван уур амьсгал ноёрхож, "хичээгээгүй мэт" төрх бүрдэж байлаа. Үүнд л Руфье ба Мейерийн гол чадвар оршиж байгаа юм. Дизайнерууд сүүлийнхээ цуглуулгыг тун амжилттай хийж, загварын салбарынхны сонирхлыг улам ихээр татаж чадлаа. Тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа бол?

 

 

цааш үзэх