Хайх

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад

Text: Buro.Mongolia


Парисын кутюр загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээг нээж Schiaparelli болон Dior өөрсдийн цуглуулгаа толилуулсан бөгөөд тэдний араас Armani Privè, Balenciaga, Chanel гэхчлэн томоохон орднууд кутюр урлалын гайхамшгийг харуулсан юм. BURO. эдгээр болон бусад брэндийн үзүүлсэн онцлох цуглуулгаас тоймлон хүргэж байна.


Schiaparelli

Эльза Скиапареллиг илэрхийлэх “галт шувуу”

Кутюр загварын загалмайлсан эцэг гэгддэг Schiaparelli ордны цуглуулга бүрд гүн гүнзгий утга учир шингэсэн байдаг. Энэ удаа брэндийн бүтээлч захирал өөрсдийн нэрийн хуудас болсон сюрреалист хэв маягаас холдож илүү эмэгтэйлэг, романтик силуэт гаргахыг хичээжээ. Цуглуулгад багтсан дийлэнх загварууд галт шувууг илэрхийлж байгаа нь брэндийн үүсгэн байгуулагч Эльза Скиапареллид үзүүлж буй хүндэтгэлийн шинж чанартай юм. Өөрөөр хэлбэл Эльза Скиапареллигийн загварын салбарыг шинээр тодорхойлж, хувьслын салхийн сэвэлзүүлсэн хувь нэмрийг галт шувууны дахин төрөх хүч чадалтай нь жишин харуулсан байна.

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 1)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 2)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 3)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 4)

Jean Paul Gaultier

Никола де Феличегийн минимализм

Jean Paul Gaultier ордны намар-өвөл 2024 улирлын кутюр цуглуулгыг Courrèges брэндийн бүтээлч захирал Никола де Феличе урласан гэдгээрээ онцлог болсон. Тэрээр минималист болон футуристик хэв маягийг хослуулахдаа тун чадварлаг нэгэн болохыг тус цуглуулгаас харах боломжтой. Кутюр загварын долоо хоногоор төрөл бүрийн хээ угалз, чимэглэлд бүрхэгдсэн загварууд зонхилдог бол Феличегийн хувьд “Үнэнийг хэлэхэд, энэ бол миний хийдэг төрлийн зүйл биш” хэмээж минимализмдаа үнэнч үлджээ. Мөн тэрээр Готьегийн конус хэлбэрийн хөхөвч гэхчлэн алдартай загваруудыг сэргээн урлах бус, хүмүүсийн төдийлөн мэддэггүй талыг нь цуглуулгадаа шингээхийг зорьсон байна. Үүний нэг нь монохром төрх бөгөөд шинэ цуглуулгад хар, цагаан, усан ягаан дагнасан бүтээлүүд багтжээ.

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 5)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 6)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 7)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 8)

Armani Privè

Сувдаар бүрхэгдсэн урлагийн бүтээлүүд

Бүтээлч захирал Жиоржио Арманигийн цуглуулгаа урлах сэдэл нь цэвэр цэмцгэр байдал, мэргэн ухааныг бэлгэддэг сувдан чимэглэлээс улбаатай. Дийлэнх загваруудыг сувдаар бүрхсэн нь яг л одод түгсэн шөнийн тэнгэрийг загварын тайзнаас тольдож буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Ингэхдээ Армани хамба, атлас, сатин гэхчлэн тансаг материал түлхүү ашиглаж хэт дэгсдүүлээгүй, эмэгтэй хүний биеийг тодотгоход чиглэсэн энгийн, турьхан, мөн хээнцэр силуэт гаргасан байлаа. Алдарт дизайнер энэ сард 90 насны төрсөн өдрөө тэмдэглэх бөгөөд үүнтэй холбогдуулан цуглуулгад нийт 90 төрх багтжээ.

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 9)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 10)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 11)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 12)

Chanel

Дуурийн театр дахь кутюр

Виржини Виар Chanel загварын ордноос гарч буйгаа өнгөрсөн сард мэдэгдээд байсан. Тиймээс энэ улирлын цуглуулга дээр брэндийн дизайн баг ажиллажээ. Тэд загварын шоуны байршлаар Гарнье дуурийн театрыг сонгосон ба үүгээрээ брэндийн урлаг, уран сайхны салбартай үүсгэсэн нягт холбоог илэрхийлэхийг зорьсон гэнэ. Мөн цуглуулгын ерөнхий санаа нь Коко Шанель, Карл Лагерфельд, Виржини Виар гэх брэндийн түүхэнд ажиллаж байсан гурван бүтээлч захирлын онцлогийг нэгтгэн харуулахад оршжээ.

Шоуг Витториа Черетти нээж театрын өмсгөл мэт хар нөмрөгийг толилуулсан билээ. Түүний араас Chanel-ын нэрийн хуудас болсон твид хослолоор төрхөө бүрдүүлсэн моделиуд цувран алхаж, улмаар загварын шоуг хуримын даашинзны загвараар өндөрлүүлсэн юм. 

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 13)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 14)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 15)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 16)

Dior

Мариа Грациа Кьюригийн харуулсан эртний Грекийн бурхад

Бүтээлч захирал Мариа Грациа Кьюри хэвшмэл ойлголтоос ангид хувцас урлахыг зорьжээ. Кутюр загварын долоо хоногийн түүхэнд корсет голлох байр суурь эзэлсээр ирсэн ч Кьюригийн хувьд эмэгтэйчүүдийн биеийн галбирыг хэлбэржүүлж, нэг хэвд цутгахын эсрэг зогссон байна. Ингэхдээ тэрээр Зуны олимпын наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан цуглуулгынхаа санааг эртний Грекээс авч тухайн үед өмсдөг байсан пеплос өмсгөлийг шинэчлэн урлажээ. 100 жилийн өмнө л гэхэд эмэгтэйчүүд дугуй жийхдээ хүртэл корсет өмсдөг байсан шүү дээ. Мариа Грациа Кьюригийн тус цуглуулга загварын ертөнцөд, ялангуяа эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд дархлагдсан эрх чөлөөний үнэ цэнийг ахин нэг сануулах шиг болсон юм. 

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 17)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 18)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 19)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 20)

Viktor & Rolf

Виктор Хорстинг болон Рольф Снорены толилуулсан геометрийн дүрсүүд

Брэндийн бүтээлч захирлууд болох Хорстинг болон Снорен нар 1998 онд толилуулж байсан өөрсдийн хоёр дахь кутюр цуглуулгаасаа улбаалан шинэ загваруудаа урлажээ. Тухайн үед тэд хорвоо ертөнцөд тохиож буй утга учиргүй, авцалдаагүй бүхнийг загвараараа дамжуулан илэрхийлэхийг зорьдог байсан. Энэхүү үзэл санаагаа дизайнерууд 26 жилийн дараа дахин үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

Цуглуулгад гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцөгт, трапец гэхчлэн геометрийн дүрстэй хувцаснууд зонхилжээ. Дизайнеруудын зүгээс “Бидний хувьд кутюр гэдэг нь туршилтын лаборатори л гэсэн үг” хэмээж практикал байдал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй болохоо онцолсон юм. Харин тэдний урласан хувцсыг хэрхэн яаж өмсөх нь хэрэглэгчдийн бүтээлч сэтгэлгээнээс л хамаарах ажээ. 

Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 21)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 22)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 23)
Кутюр загварын долоо хоногийн тойм: Chanel, Dior, Armani Privè болон бусад (фото 24)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх