Хайх

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид

Онцлох үйл явдлуудын тойм

Text: Buro.Mongolia


3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Vogue World загварын шоу энэ удаа Францын нийслэл Парис хотноо амжилттай болж өнгөрлөө. Арга хэмжээний хүрээнд Vogue 1920-2010 он хүртэлх загварын хэв маягийг, спортын төрлүүдийн хамт арван жилээр багцлан харуулсан билээ. Тухайлбал, 1920 оныг хувьсгалын салхийг сэвэлзүүлж байсан Коко Шанелийн сэргээн урласан загвараар төлөөлүүлж, мөн үүнийгээ дугуйн спорттой хослуулжээ. Тухайн үед дугуйн спорт хурд, эрх чөлөөний бэлгэ тэмдэгт тооцогдож байв. Түүнчлэн 1950-иад оныг Dior-ын New Look загвар болон морин спортоор тодорхойлж, 1960-аад оныг сансар огторгуйгаас сэдэвлэсэн футуристик хувцас болон туялзуур сэлмийн спортоор илэрхийлжээ. Загварын шоу яг л энэ зүй тогтлын дагуу явагдсан юм.


Загварын шоуг “тамирчид” нээв

Хэрэв та от кутюр загварт сонирхолтой бол le petites mains хэмээх франц нэр томьёог харсан байх учиртай. Кутюр хувцас урладаг алтан гартай эрхмүүдийг ийнхүү нэрлэдэг ба Vogue World тэднийг загварын салбарын тамирчид хэмээн цоллож загварын шоуг нээх эрхэм үүргийг даалгасан төдийгүй үзэгчдийн суудлын нэгдүгээр эгнээнд залж хүндэтгэл үзүүлсэн байна. 

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 1)

Жан Поль Готьегийн тайзны ард урласан даашинз

Vogue World-ыг нээж Мали улсаас гаралтай франц дуучин Аяа Накамура уран бүтээлээ толилуулсан ба тэрээр Жан Поль Готьегийн даашинзаар гоёсон байлаа. Алдарт дизайнер Накамурагийн даашинзыг тайзны арын баг ажиллаж байсан Ritz зочид буудалд шоу эхэлхийн өмнөхөн урлаж дуусгасан байна. Энэхүү даашинзыг Готье Эми Уайнхаусаас сэдэлтэй хавар-зун 2012 улирлын цуглуулгаасаа урамшин туурвисан гэнэ.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 2)

Vogue Коко Шанельд хүндэтгэл үзүүлэв

Загварын шоу зохион байгуулагдсан Вандомын талбайтай мөр зэрэгцэн байрлах Ritz зочид буудал бол Коко Шанелийн олон жил амьдарсан гэрээс нь өөрцгүй газар юм. Мөн тэрээр энд амьдралынхаа эцсийн мөчийг өнгөрүүлж амьсгал хураасан гэдэг. Тэгвэл энэхүү давхцалыг Vogue-ын зүгээс онцолж Коко Шанельд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд түүний загваруудыг сэргээн урласан даашинзнуудаар 1920-иод оныг тодорхойлон харуулжээ.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 3)

Кристобаль Баленсиагагийн Парис дахь анхны цуглуулга 

Vogue 1930-аад оныг Balenciaga-гийн хар монохром даашинзаар гоёсон моделиудын төрхөөр эхлүүлсэн билээ. Эрч хүчтэй алхах тэдний өмссөн гоёлыг Демна Гвасалиа урласан ба хоёр даашинз нь Кристобаль Баленсиагагийн Парист суурьшсаныхаа дараа гаргасан анхны цуглуулгаас улбаатай аж. Баленсиага өөрийн төрж өссөн Испани улсаас 1937 онд нүүж Парисыг зорьсон түүхтэй юм.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 4)

Сабрина Карпентер болон далайн эргийн хэв маяг

Espresso, Please Please Please гээд сүүлийн үед гарсан уран бүтээлүүд нь чартуудыг тэргүүлж, цахим сүлжээнд алдаршаад буй Сабрина Карпентер Vogue World загварын шоунд оролцож моделийнхоо дебютийг хийжээ. Тэрээр шоуны 1950-иад оныг харуулсан далайн эргийн хэв маягтай хэсэгт Jacquemus ордны хувцсыг өмсөн алхсан юм. Тухайн үед бикини өмсгөл эрчээ авч байсан ба алдарт Брижит Бардогийн Каннын кино наадам дээр өмссөн салангид бикинигийн дараа энэхүү гоёл нь олон улсад тренд болтлоо дэлгэрч байсан түүхтэй.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 5)

Жижи Хадид, Кендалл Женнер болон морин спорт

Vogue-ын зүгээс 1950-иад оныг морин спорттой холбосон байлаа. Энэ үеэр шинэ цагийн супермоделиуд гэгдэж буй Кендалл Женнер болон Жижи Хадид нар морь хөлөглөн гарч ирсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан юм. Морьдын нэрийг Напо болон Жанго гэх бөгөөд тэдний үсийг алдартнуудын үсчин Южин Сулейман загварын шоунд тусгайлан зориулж сүлжсэн байна. Харин тэдний өмсгөл болон моделиудын хувцас бүгд Hermès загварын ордны бүтээл юм.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 6)

Туялзуур сэлэмтэй үзүүлбэр

Vogue World загварын шоуны бүжгийн найруулга дээр Рианнагийн Super Bowl-ын бүжгийг дэглэсэн Паррис Гобель ажилласан билээ. Түүний хийсэн нийт 40 минутын урттай дэглэлтээс туялзуур сэлэмтэй бүжиг анхаарал татсан юм. Энэ бол загварын шоуны 1960 оны зохиомж дээр гарсан дэглэлт бөгөөд туялзуур сэлэм нь тухайн цагт эрэлттэй байсан сансар огторгуйгаас сэдэлжсэн загварын хэв маягийг санагдуулна. Courreges болон Paco Rabanne бол энэ төрлийн футуристик хувцасны томоохон төлөөлөгчид билээ.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 7)

Версалийн төлөөх тулааныг бэлгэдсэн өнгөт арьст моделиуд

Версалийн төлөөх тулаан хэмээх 1973 онд зохион байгуулагдсан загварын шоу бол салбартаа томоохон хувьслыг авчирсан үйл явдалд тооцогддог. Тус шоунд Франц болон АНУ-ын тав, таван дизайнер өөрсдийн цуглуулгаа толилуулж өрсөлдсөн юм. Францыг төлөөлж оролцсон Юбер де Живанши, Пьер Кардин, Марк Боан, Эмануэль Унгаро, Ив Сен-Лоран нар тухайн цагийнхаа хамгийн алдар хүндтэй дизайнерууд байв. Харин Америкийн өмнөөс цуглуулгаа толилуулсан Халстон, Оскар де ла Рента, Билл Бласс, Стефен Берроуз, Энн Клейн нарын нэр салбартаа танигдаж амжаагүй байсан юм. Тиймээс хүмүүсийн АНУ-д тавьсан хүлээлт маш доогуур байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч тэд өөрсдийн үзүүлбэрээр хүмүүсийг гайхшируулж нөхцөл байдлыг эргүүлж чадсан гэдэг. Ингэхдээ өнгөт арьстай арван моделийг тайзнаа алхуулсан нь шинэлэг уур амьсгалыг мэдрүүлээд зогсохгүй орчин цагийн загварын салбарын олон талт, хүртээмжтэй байдлын эхлэлийг тавьсан гэж үздэг. Энэхүү үйл явдлыг Vogue өөрсдийн загварын шоундаа эргэн дурссан нь сайшаагдаад байна.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 8)

Bad Bunny уран бүтээлээ толилуулав

Загварын шоуны хүрээнд Bad Bunny “Monaco”, “Vou 787”, “Titi Me Preguntó” гэх гурван алдартай уран бүтээлээ толилуулсан билээ. Тэрээр Pressiat загварын ордны давхар зөрлөгт саарал пиджак болон трапец хэлбэртэй брюкэн өмдөөр төрхөө бүрдүүлжээ. Уг хослолоо хуван улаан ковбой гутал, шаргал туяатай нарны шил болон Tiffany &Co. брэндийн алмаазан зүүлттэй хослуулсан байна.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 9)

Серена Уильямсийн Виржил Аблод үзүүлсэн хүндэтгэл

Vogue World шоунд чансаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг теннисчин эгч дүүс Серена болон Венус Уильямс нар алхсан билээ. Серенагийн хувьд Off-White брэндийн Иб Камарагийн урласан даашинзыг өмсөж 2021 онд таалал төгссөн домогт дизайнер Виржил Аблод хүндэтгэл үзүүлсэн байна. Харин Венус Уильямс Marine Serre брэндийн теннисний цүнхийг дахин боловсруулсан материалаар хийсэн даашинзаар гоёж загварын салбарын тогтвортой хөгжлийг сурталчилжээ.

Vogue World: Загварын шоунд морь хөлөглөсөн Кендалл Женнер болон Жижи Хадид (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх