Загвараар суралцдаг 200 оюутан алхсан Rick Owens-ын загварын шоу
Рик Оуэнсийн сүүлийн үеийн загварын шоунууд цөөн зочидтой цомхон хүрээнд зохион байгуулагдаад байсан. Тус шийдвэрийг тэрээр Газа, Конго гэхчлэн дэлхий даяар болж буй дайн, зэвсэгт мөргөлдөөнүүдээс үүдэн хүндэтгэл үзүүлэхийн тулд гаргасан гэдэг. Гэвч Оуэнс энэ удаа олон хүнийг хамарсан нүсэр арга хэмжээ зохион байгуулж хавар-зун 2025 улирлын загварын долоо хоногоор дамжуулан өөрийн дуу хоолойгоо аль болох чангаар хүргэхийг зөв сонголтод тооцсон бололтой. Ингэхдээ тэрээр шинэ цуглуулгаараа хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлэхийг зорьжээ.
Гол анхаарал хувцсан дээр
Rick Owens-ын шоу зохион байгуулагддаг газарт галт бөмбөг, утаат салют, өргөгч кран гэхчлэн төрөл бүрийн анхаарал татахуйц тоног төхөөрөмж байршуулсан харагддаг. Гэвч энэ удаа бүтээлч захирал моделиуд дээрээ илүү төвлөрсөн байна. “Эцсийн дүндээ элэгдэж хуучирдаг сет зассаны оронд шоундаа маш олон хүн оролцуулахыг хүссэн” хэмээн Рик хэлжээ.
Загвар өмсөгч 200 оюутан
Загварын шоуг уламжлалт ёсоор дизайнерын урлагийн тэнгэр гэгддэг Тайрон Дилан нээж алхсан билээ. Тэрээр салхинд хийсэх нөмрөг бүхий цагаан монохром төрх бүрдүүлсэн байлаа. Диланы араас моделиуд нэг нэгээрээ цуврах бус дөрвөөрөө гарч ирэн алхсан юм. Оуэнсийн хувьд Парис дахь загварын их сургуулийн оюутнуудаар моделиудаа бүрдүүлсэн ба нийт 200 хүн тайзнаа алхахаар сонгогдсон байна. “Би өмнөх загварын шоундаа маш олон хүнийг тэр дундаа загвараар суралцдаг оюутнуудыг оролцуулаагүйдээ харамссан. Тиймээс энэ удаа шоунд оролцох хүсэлтэй оюутан бүрд орон зайг нь олгохоор шийдсэн” гэж бүтээлч захирал өөрийн тайлбартаа дурджээ. Ингэхдээ цуглуулгад ердөө 10 өөр янзын төрх багтсан ба бүгд цагаан өнгөтэй гэдгээрээ онцлог юм. Дизайнерын хэлснээр загвар өмссөн моделиуд хайр сэтгэлийн армийг илэрхийлж байгаа гэнэ.
“Hollywood” цуглуулга
Шинэ цуглуулгын “Hollywood” хэмээх нэр бидний мэдэх орчин цагийн алдартнуудын талаар биш юм. Харин Холливүүдийн Pre-code буюу 1929-1934 оны үеийг илэрхийлэх ажээ. Pre-code гэдэгт Холливүүдэд анх дуутай кино нэвтэрснээс эхлэн Кино үйлдвэрлэлийн тухайн хууль батлагдах хүртэлх цаг хугацааг нэрлэдэг. Тухайн үеийн продакшнууд кино дуутай болсноос хойш секс, хар тамхи, ижил хүйстэн гэхчлэн сэдвийг түгээмэл хөндөх болсон ба үүнийг хязгаарлах хууль батлагдсанаар нөхцөл байдал өөрчлөгдөж цензур тогтож байсан түүхтэй. Тэгвэл Рик Оуэнс тухайн цагийн дэлгэцийн бүтээл болох “Lot in Sodom”, “The Sign of The Cross” гэх киноноос сэдэл авч загваруудаа урласан байна.
Эв нэгдлийг бэлгэдсэн аялгуу
Рик Оуэнсийн загварын шоуг сонгодог хөгжимгүйгээр төсөөлшгүй. Тэрээр шинэ цуглуулгаа толилуулахдаа Бетховены долоодугаар симфонийг эгшиглүүлжээ. Үүний шалтгааныг бүтээлч захирал “Бид ямар нэг сүр жавхлантай, хүсэл тэмүүллийг өдөөж чадах зүйлийг эрэлхийлж байсан. Хээнцэр боловч эерэг тийм нэгэн зүйл” хэмээн тайлбарласан байна.
Мөн Оуэнс өөрийн шоугаа эв нэгдлийн тухай гэдгийг удаа дараа онцолж “Бидний загварын шоу бол санал зөрөлдөөнтэй, үл тэвчим энэ цаг үед эв нэгдлийг илэрхийлэх төгс арга байлаа” гэж тайзны ард сэтгүүлчдэд хуваалцжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт