Maison Margiela, хавар-зун 2021
Олон жилийн туршид загвар зохион бүтээгч Жон Гальяногийн ярьсаар ирсэн бүтээлч ажил, багийн ажиллагаа, сэдэв, сэдэл санаа, техник зэрэг зүйлс нь уг богино хэмжээний киногоор гэнэт маш ойлгомжтой болж амьдрал дээр буусан мэт. Шинэ цуглуулгыг танилцуулсан энэхүү баримтат киног Английн алдарт загварын гэрэл зурагчин Ник Найт хийсэн байна. Галлианогийн ажилдаа хэрхэн нухацтай хандаж түүнээсээ ямар их таашаал авдаг нь энэ удаагийн коллекци болон моделиудтайгаа хэрхэн бүтээлчээр ажилласнаас нь тодхон харагдаж байлаа. Тэрээр зураг авалтаа Буэнос Айрес хотод байрлах хуучны нэгэн агуулахад хийсэн ба Танго бүжгийн багш хөлсөлж, загвар өмсөгчдөөрөө бүжгийн үзүүлбэр хийлгэсэн юм. Тэдний хөдөлгөөн бүр нь хувцаснуудыг нь дүрслэн бүтээж байсныг тэрээр дурджээ. Удалгүй энэ бүжгийн санаа нь хөгжиж явсаар хуримын сэдэвтэй болж сүйт бүсгүй, сүйт залуу болон зочид усан доор бүжиглэж байгаагаар кино зохиолд дүрслэгдэн бичигдсэн байна. Уг нууцлаг зохиолыг кино найруулагч Киела Жанисс бичжээ.
Maison Margiela энэ удаагийн цуглуулгадаа хуримын даашинзын зарим элементүүд, 1940-өөд оны хослолууд, тэйлор хийцийн пальто болон диагональ эсгүүртэй юбкаг онцолсон байв. Зарим хувцасны деталийг урлахдаа дахин боловсруулсан материал ашигласан нь байгальд ээлтэй сонголт болжээ. Мөн сонгодог загвартай пальтоны мөрийг нь салгаж оронд нь танго бүжгийн цацагтай цамцны хэсгийг оруулга болгосон нь Гальяногийн мэргэжлийн эсгүүр хийх ур чадварыг илтгэж байлаа.