Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоногийн тойм: Prada, Versace ба Dolce & Gabbana

Миланы эрэгтэй загварын долоо хоногийн тойм: Prada, Versace ба Dolce & Gabbana

1990-ээд оныг эргэн сануулах загварууд

Text: Buro.Mongolia


2019 оны намар-өвлийн улиралд зориулсан эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд брэндүүд шинэ цуглуулгуудаа танилцуулсаар байна. Марафоны хамгийн эхний загварын долоо хоног уламжлал ёсоор Лондонд эхэлдэг бөгөөд уг хотод street wear, футуристик чиг хандлага давамгайлж байсан бол хоёр дах хот болох Миланд 1990-ээд оныг эргэн дурсах мэт өргөн эсгүүртэй, сонгодог хэв маягтай цуглуулгууд тайзнаа гарлаа. Ингээд Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх онцлох загварын шоунуудыг тоймлон хүргэж байна.

Versace

Савхин хүрэм, график зурагтай футболка, сул эсгүүртэй брюк өмд зэргээс бүрдсэн энэхүү цуглуулгын санааг Донателла Версаче төрсөн ах Жанни Версачегийн 1990-ээд онд урлаж байсан загваруудаас авчээ. Түүнчлэн цуглуулгад boxer загварын шоорт, өдөн ороолт, сүлбээр зүүн чимэглэл зэрэг сонирхолтой деталь, элементүүд шингэсэн байгаа. Донателла Версаче энэхүү цуглуулгаараа дамжуулан эрчүүдэд өөрийгөө эрх чөлөөтэй илэрхийлэх урам зоригийг өгөхийг хүссэн гэнэ.

Prada

Миучча Прада 2019 оны намар-өвлийн улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа зохиолч Мэри Шэллигийн "Франкенштейн" романаас сэдэвлэн бүтээжээ. "Франкенштейн" романы гол дүр болох мангасыг санагдуулам үс засалттай загвар өмсөгчид өргөн силуэттэй хослол, ноосон цамц болон мангасын хээтэй цамц зэргийг танилцууллаа. Түүнчлэн дизайнер Миучча Прада зөвхөн мангасын дүр төрх биш харин тэр мангас бусдыг хайрлаж, бусдад хайрлагдахын тулд ямар зовлон туулсныг илэрхийлэхийг зорьсноо онцолсон юм. Дашрамд дурдахад "Франкенштейн" романд эрдэмтэн Хэнри Франкенштейн цахилгаан гүйдлийн хүчээр үхмэл махбодыг амь оруулан босгох ба түүний бүтээсэн мангас хэрхэн амьд үлдэхээр тэмцэж буй тухай өгүүлдэг билээ.

Dolce & Gabbana

Хээнцэр байдал, тэйлор хийц, 20-р зууны үеийн эрчүүдийн стилийг санагдуулам өргөн эсгүүрийн хослол болон Dolce & Gabbana брэндийн илэрхийлэл болсон барокко хээ, Византийн урлагийг санагдуулам чимэглэл гээд нэг үгээр хэлбэл тансаг гэх бүхнийг нэг дор шингээсэн цуглуулгыг Dolce & Gabbana танилцууллаа. Гудамжны, чөлөөт хэв маяг давамгайлж хээнцэр байдлын мөн чанар мартагдах болсон энэ үед залууст хээнцэр, чамин байдлыг харуулахыг зорьсон гэдгээ дизайнерууд тодотгожээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх