Миланы эрэгтэй загварын долоо хоног, II хэсэг: Fendi ба Tom Ford
Fendi
Fendi брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Сильвия Вентурини Фенди энэ удаагийн шинэ цуглуулгаа хослол, зангиа зэргийг өмсөж байгаагүй залуу үеийнхэнд зориулсан гэдгээ онцоллоо. Ингэхдээ тэрээр нэвт гэрэлтэх органза, мөнгөлөг болон алтлаг эффекттэй даавуу, ноолуур, савхи зэрэг олон төрлийн материал ашиглан тэйлор хослолын үндсэн эсгүүрийг орчин үеийн хэв маягт уусгасан загварууд урлажээ.
Түүнчлэн Fendi брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд энэхүү цуглуулга дээр хамтран ажилласан ба Вентурини Фенди түүний хувцаслалтаас бүтээлч санаа авсан гэдгээ дурдсан юм.
Tom Ford
Миланы эрэгтэй загварын долоо хоног дээр ихэнх дизайнерууд street wear ба чөлөөт хэв маягийг тэйлор хийц, сонгодог эсгүүртэй уусгасан загваруудаа танилцуулж байна. Тэдний нэг бол эргэлзээгүй Том Форд юм. Тэрээр 2019 оны намар-өвлийн улиралд ажил хэрэгч эрчүүдэд зориулсан хар, саарал, цагаан өнгөнөөс бүрдэх хослол, хүрэм зэргийг бүтээжээ. Ингэхдээ oversize загварын куртка, цахилгаан товчтой hoodie цамцыг хослолын хамтаар загварчилсан нь ажил хэрэгч эрчүүдэд хувцаслалтдаа хэрхэн орчин үеийн уур амьсгал нэмэх боломжтойг харууллаа.