MPDU Fashion Week: SENTI брэндийн дебют цуглуулга
Эсгүүрийн сонирхолтой шийдлүүд
SENTI бол 2021 онд төрөн гарч ирсэн залуу брэндүүдийн нэг юм. Тус брэндийн үүсгэн байгуулагч С.Төрмөнх нь Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас дизайны мэргэжлээр төгсөж, Цэргийн оёдлын үйлдвэрийн захиалгат хувцасны тасагт хоёр жилийн турш ажиллаж, улмаар Michel & Amazonka брэндэд 2016-2020 оны хооронд эсгүүрийн ахлах зохион бүтээгчийн албан тушаалыг гүйцэтгэсэн туршлагатай нэгэн билээ. Тэрээр дебют цуглуулгаа “MPDU Fashion Week”-н хүрээнд толилуулсан бөгөөд загваруудаараа дамжуулан өөрийн нарийн детальтай эсгүүр гаргах ур чадварыг харууллаа.
Эмэгтэй хүний эрхэмсэг атлаа зөөлөн гоо үзэсгэлэнг тодотгох шинэ загварууд эсгүүрийн хувьд бэлхүүс, цээж хэсгийг онцлох бөгөөд хөвөн даавуу, ноолуур, арьс гэсэн материалуудаар хийгджээ. Трапеци хэлбэрийн өмд болон оноотой богино юбка бүхий хослолуудад бүүдгэр шар, зөөлөн ягаан, усан нил ягаан болон классик хар өнгөнүүд давамгайлах ба бүс загварын жижиг цүнх, геометрийн хэлбэртэй корсет зэрэг аксесуаруудаар баяжуулсан байлаа. Дизайнер мөн хар хөх өнгийн судалтай пиджакны хормой хэсэгт эрвээхийний хатгамал оруулж, ягаан пиджакын гадуур цээживч давхарласан мэт сонирхолтой дизайн танилцуулсан нь цуглуулгыг илүү амилуулж өгчээ.