Нью-Йоркийн загварын долоо хоног: Delpozo, хавар-зун 2017
Загварын долоо хоногийн гол агшнууд
Delpozo брэндийн загварын шоу бүр гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүмүүс болон сэхээтнүүдэд маш их таалагддаг. Мадридын загварын ордны удирдлагыг Хосеп Фонт гартаа авснаас хойш цуглуулгад архитектор, зураач, зохиолчдын уран бүтээлийн сэдэв харагдах болсон. Ер нь ч Delpozo брэнд цуглуулгадаа архитектурын хэлбэр дүрс, чимэглэл ашигладгаараа алдартай.
Хагас гэрэлтсэн даавуу, завсрын өнгө, зөөлөн туяа бүхий детальтай шинэ цуглуулга нь Фонтын сүүлийн хэдэн улиралд гаргасан цуглуулгаас арай даруухан ч мөн л яруу тод болжээ. Цэцгэн хээ, цагаан өнгө давамгайлсан байдал, "хурц" ирмэгтэй нугалаас ба тодорхой шугам зэргийг харахад дизайнер Ван Гогийн "Бүйлсний цоморлигтой мөчрүүд" зураг ба архитектор Минору Ямасакигийн бүтээлүүдээс санаа авсан байж мэдэх юм. Эсвэл Хосеп Фонтод Испаний дундад зууны үеийн ямар нэг яруу найрагч нөлөөлсөн ч байж магадгүй.
Delpozo-гийн хавар-зуны цуглуулгад эрэгтэй хүний хувцасны шүүгээнээс "зээлсэн" мэт деталиуд ч харагдаж байв. Жишээ нь цардуултай мэт цамцны зах, өндөр суудалтай өмд (маш их өмд!), олон төрлийн сорочканууд, тод шаргал өнгө, дөрвөлжин хээтэй ноосон даавуун хослол багтжээ. Мөн тайзнаа харагдсан асар том хэмжээтэй цэцгэн хэлхээ бүхий ээмэг ба цэцгэн хатгамалтай, үдээстэй балеткануудыг бараг бүх аксессуарын нийтлэлүүд онцолно гэдэгт итгэлтэй байна.