Нью-Йоркийн загварын долоо хоног: Jeremy Scott, хавар-зун 2017
Галзуу Жереми
Энэ жил загварын салбарт хамгийн их шуугиан дэгдээсэн дизайнеруудын нэг бол яахын аргагүй Жереми Скотт юм. Тэрбээр нэг биш удаа оюуны өмчийн хулгайн хэрэгт буруутгагдаж, удаан хугацааны турш шүүх хурлаар явсан. Гэхдээ энэ нь дизайнерт Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоход огтхон ч саад болсонгүй. Өчигдөр дизайнер өөрийн дуртай поп арт ба ретро уур амьсгалаар дүүрэн хавар-зун 2017 улирлын ready-to-wear цуглуулгаа дэлгэлээ.
Жереми Скоттын энэ удаагийн загварын шоунд шинэ үеийн моделиуд оролцлоо. Молли Бэйр, Сара Сампайо, Хэйли Болдуин, Дафна Гроенвельд ба Лаис Рибейро нар 1980-аад оны үсний тайралттай тайзнаа гарч, Жордан ба Сью Кэтвуман гэх 1970-аад оны алдартай загвар өмсөгчдийн дүрстэй ханцуйгүй топ болон ретро хээтэй зоригтой даашинзуудыг танилцууллаа.
"Slime City" нэртэй уг цуглуулгад мөн Жереми Скоттын хайртай "галзуу" аксесуарууд олноороо багтсан байлаа. Тэр дундаас "Жереми шүдний кариестай тэмцэж байна!" гэх бичигтэй, аварга том шүдний оо хэлбэрийн цүнх хүрэлцэн ирсэн зочдод ихэд таалагдлаа.
Загварын шоуны эхний эгнээнд Жеремигийн загваруудыг шүтэн бишрэгч дуучин Тинаше болон Солонгосын алдарт рэп дуучин Сил сууж харагдлаа.