Нью-Йоркийн загварын долоо хоног: Victoria Beckham, хавар-зун 2017
Гол агшнууд
Нью-Йорк хотын санхүүгийн төвд Виктория Бекхэмийн шинэ цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Викторияг дэмжихээр эхний эгнээнд түүний нөхөр Дэвид Бекхэм, 17 настай хүү Бруклин Бекхэм нар нь сууж байлаа. Шоуны дараа Бекхэмийн гэр бүлийн зураг Instagram төдийгүй, нэр хүндтэй сэтгүүлүүдээр тархсан байна.
Виктория Бекхэмийн Estee Lauder брэндтэй хамтран гаргаж буй косметикийн цуглуулга тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Загварын шоунд оролцсон моделиудын нүүрийг тэрхүү "Victoria Beckham x Estée Lauder" цуглуулгын будгаар оддын нүүр хувиргагч Пэт МакГрат буджээ.
Виктория Бекхэмийн хүрсэн амжилтанд туршлагатай дизайнерууд ч атаархаж байгаа байх. Түүний зохион байгуулсан загварын шоунуудад алдартай зочид заавал хүрэлцэн ирж, харин цуглуулгад орсон төрхүүд нь сонин, сэтгүүлийн эхний нүүрэнд гарч байна. Мэдээж зарим нэг хүмүүс Викториягийн амжилтыг алдартай гэр бүлтэй нь холбож тайлбарладаг. Гэхдээ загварын шүүмжлэгчид үүнтэй санал нийлдэггүй. Энэ улирлын цуглуулгад л гэхэд маш амжилттай болсон хэд, хэдэн алхам бий.
"Би болон манай баг хялбар арга зам хайдаггүй. Жишээ нь бид өмнө нь хамба хилэн материалыг хоцрогдсон, хүнд гэж дүгнэсэн тул түүнтэй ажиллаагүй их удсан. Гэхдээ бид шинэ цуглуулгадаа хамба хилэн материалыг хөнгөн болгож, тод өнгө ашигласан байгаа" гэж Виктория ярьжээ.
Виктория цуглуулгад орсон даашинз, юбка, хослолыг урлахдаа пастель, хөх ягаан, улбар шар, алтлаг, хонгор зул цэцгийн ба гааны өнгө сонгосноор хамба хилэн материалыг уламжлалт өвлийн биш харин илүү хаврын уур амьсгалтай материал болгож чадсан байна.
Victoria Beckham, хавар-зун 2017 цуглуулгын бас нэг онцлог нь цээживч маягийн топууд байсан юм. Тэд өнгөрсөн улирлын гол сэдэв болсон корсетуудыг илүү дэлгэрүүлсэн харагдлаа. Түүнчлэн энэхүү коллекцид орсон хуниастай торго ба арьсан материал нь романтик уур амьсгал нэмж чаджээ.
Загварын шоу өндөрлөхөд даавуун өмд, энгийн туузан бүс, цайвар цамц, намхан ултай сандаал өмссөн Виктория өөрийн биеэр гарч ирж ёсолсон юм. Үүнээс харахад, "Posh Spice" том болж, хатуу корсет, өндөр өсгийтүүд ард хоцорсон бололтой.