Парис дахь гайхалтай загварууд: Celine, Hermès, Valentino ба Givenchy
CELINE
Та 1970-аад оны стильд хэр дуртай вэ? Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман тухайн үеийн стильд чин сэтгэлээсээ хайртай тул сүүлийн гурван ч цуглуулгаа 70-аад онуудад зориулж байна.
Бүр тодруулбал энэ удаад Эди ээжийнхээ хувцасны шүүгээнээс бүтээлч санаа авч, өсөж торнисон Парис хот дахь дурсамжуудаа сэргээжээ. Тухайн үед түүний ээж юдэнтэй нөмрөг, торгон алчуур, кюлот өмд болон алтан үнэт эдлэлээр гоёдог байсан нь цуглуулгад тусгалаа олсон хэдий ч савхин цув, хамба хилэн жакет, платформ ултай гутал зэрэг цуглуулгын бусад загварууд нь дизайнерын өмнө хариуцан ажилладаг байсан Saint Laurent брэндийн архиваас ирсэн мэт байлаа. Ерөнхийд нь харвал цуглуулга хүйсийн тодотголгүй, андрогин хэв маягтай болсон ба тайзнаа алхах эрчүүд болон эмэгтэйчүүд хоорондоо ялгагдахааргүй торгон коовт, скинни жийнсэн өмд, ноосон пальто, хослолоор гоёсон байсан юм.
GIVENCHY
Givenchy-гийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер XX-р зууны дунд үеийн урлаг, тэр дундаа тухайн үеийн кино ертөнцөөс санаа авч 1950-аад онуудад брэндийн үүсгэн байгуулагч Юбер де Живаншигийн бүтээлд нөлөөлдөг байсан жүжигчдийн стиль, кино бүтээлүүдийг загварууддаа тусгажээ. Хөвсгөр ханцуйтай даашинзууд, урт савхин бээлийнүүд, ажил хэрэгч хослолууд, архитектурын эсгүүртэй даашинзууд, цацаг ба өд гээд глэм хэв маягтай атлаа орчин үеийн шийдэлтэй загварууд брэндийн шинэ цуглуулгыг бүрдүүлсэн байна.
VALENTINO
Valentino брэндийн загварын шоуны үеэр найрал хөгжимчид дуучин Билли Айлишийн хит дуунуудыг амьдаар тоглон ер бусын уур амьсгал бүрдүүлж байх зуур тайзнаа хагас гэрэлтэх хар өнгийн тюль даашинзууд, цэцгэн чимэглэлтэй савхин хүрэмнүүд, бэлхүүс тодотгосон корсетууд гарсан юм. Цуглуулгад зөвхөн хар болон улаан өнгөнүүд орсон ч загвар бүр нь өөрийн хийц, эсгүүрээрээ гайхшруулж байлаа.
HERMES
Дэлхийн хамгийн эртний загварын брэндүүдийн нэг болох Hermès нь 1800-аад оны дунд үеэс морины тоноглол бэлтгэж эхэлснээр загварын салбарт нэвтэрсэн байдаг. Арьс шир бол брэндийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэд хоёр зууны дараа ч энэ уламжлалаа хадгалсаар байна. Ийнхүү намар-өвөл 2020 цуглуулгад брэндийн бүтээлч захирал Надеж Ване-Цыбульски савхин материалыг түлхүү ашигласан ч минимал хэв маягийг баримтлан цагаан болон хар өнгөнүүд давамгайлсан, шулуун эсгүүртэй хүрэм, өвдөг давсан даашинз, хослол урлажээ. Дизайнер мөн улаан, шар, ногоон ба цэнхэр гэх тод өнгөнүүд загварууддаа нэвтрүүлэн цуглуулгадаа баяр баясгалантай уур амьсгал нэмж өгсөн байна.