Риккардо Тиши Burberry брэндэд зориулан дурсамжаа сэргээсэн цуглуулга бүтээлээ
Намар-өвөл 2020
Burberry загварын ордон өчигдөр Лондон хотын Олимпия үзэсгэлэнгийн цогцолбор дахь Викторийн төмөр хийцийн танхимд намар-өвөл 2020 загварын шоугаа зохион байгууллаа. Риккардо Тиши шинэ цуглуулгыг урлахдаа Central Saint Martins сургуулийг төгссөний дараа Энэтхэг рүү хийж байсан аяллаа эргэн дурссан ба цуглуулгыг "Дурсамж" хэмээн нэрлэжээ. "Би карьерын өмнөх үеэ эргэн дурсахдаа маш их бахархах сэтгэл төрдөг. Тэрхүү гайхалтай дурсамжийг эргэн санан энэ цуглуулгаа урлалаа" хэмээн дизайнер ярьсан юм. Цуглуулгад тренч цув, үслэг чимэглэлтэй тэйлор хийцийн хүрэм, пальто, шоо дөрвөлжин хээтэй хослол гэх мэт сонгодог загварууд болон поло футболка, сул хүрэм зэрэг өдөр тутмын, чөлөөтэй загварууд багтсан байна.
Түүнчлэн Риккардо Тиши байгальд ээлтэй, ухамсартай үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж буйгаа онцолсон ба техник технологийн ачаар маш гайхалтай хиймэл үслэг эдлэлүүдийг гарган авдаг болсон тухай талархан ярьсан юм.