Хайх

Сөүлийн загварын долоо хоногт оролцсон онцлох 5 брэнд

Сөүлийн загварын долоо хоногт оролцсон онцлох 5 брэнд

Тав тух болон загварлаг байдлыг эрэлхийлсэн брэндүүд

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч аравдугаар сард Сөүл хотноо хавар-зун 2022 улирлын загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний хүрээнд брэндүүд болон дизайнерууд Өмнөд Солонгосын түүх болон соёлын онцлогийг загвар, технологитой хослуулан харуулах зорилготой байсан юм. Үүний үр дүнд тэд эртний Кёнхуйгун, Доксугун зэрэг ордонгууд болон орчин үеийн барилгуудын дэргэд шинэ цуглуулгынхаа видео танилцуулгыг хийж хачирхалтай хээ, хэлбэр бүхий хүйсгүй загваруудыг толилуулжээ. Нийт 37 брэнд шинэ цуглуулгаа танилцуулснаас хамгийн ихээр сонирхол татсан таван брэндийг бид онцолж байна.

SEOKWOON YOON

Уг брэндийн үүсгэн байгуулагч Юн Соквүүны хэлснээр тэрээр цуглуулгаа бүтээхдээ түүхэн болон орчин үеийн урлагаас урам зоригоо авдаг байна. Бүр тодруулбал, дизайнер Юн “Trompe-l'œil” буюу дүрслэх урлагт гурван хэмжээст байдлыг бий болгодог техникийг цуглуулгадаа шингээхийг зорьжээ. Дизайнерууд энэхүү техникийг ашиглахдаа цуглуулгынхаа материал болон хэлбэр дээр туршилт хийж, төрөл бүрийн деталь нэмдэг юм.

NOHANT

Зөвхөн унисекс загварын хувцаснууд урладаг уг брэнд нь өндөр чанар, өвөрмөц хийц болон хэзээд ч эрэлттэй байх мөнхийн загвартай, өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой хувцаснууд хийхийг эрмэлздэг байна. NOHANT брэнд хавар-зун 2022 цуглуулгадаа хүрэхэд таатай мэдрэмж төрүүлэх материал ашиглаж, түлхүү саармаг өнгөнүүдийг оруулжээ. 

MODERNABLE

Энэхүү брэнд нь хөл хөдөлгөөн их, томоохон хотуудад “галзуу” хэмнэлтэй амьдардаг эмэгтэйчүүдэд зориулж өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой, сонирхолтой хэлбэр, өнгө бүхий цуглуулгыг бүтээжээ. Уг брэндийн дизайнерууд сонгодог атлаа ердийн бус шийдэлтэй загварыг урладгаараа алдаршсан байна. Жишээ нь богино ханцуйтай пиджак, резинэн оруулгатай цамц, далайчдын өмсгөлийн захтай даашинз зэрэг нь оффист, болзоонд, мөн чухал арга хэмжээнд ч хүртэл зохимжтой байх болно.

Mina Chung

Уг брэндийг Лондонгийн Central Saint Martins урлагийн сургуулийг төгссөн дизайнер Чун Мина 2020 онд үүсгэн байгуулсан юм. Тэрээр цуглуулгадаа орчин үеийн чиг хандлага шингэсэн Дорнын хэв маягтай хувцаснуудыг оруулжээ. Тухайлбал, Дизайнер “廻 The Infinite” хэмээх цуглуулгадаа 2000-аад оны хувцаслалтын трендыг угсаатны хэв маягтай хослуулж чадсан байна.

TWWL

TWWL гэдэг нь The Way We Live гэсэн утгатай юм. Брэндийг Лондонгийн загварын коллежийг төгссөн дизайнер Пак Сун Ян үүсгэн байгуулсан билээ. Тус брэнд ихэнхдээ винтэж хэв маягийн хувцаснуудыг урладаг юм. Харин сүүлийн цуглуулгад нь эрэгтэйлэг хэв маягийг шингээсэн атлаа эмэгтэйлэг дүр төрхийг тодотгох хувцаснууд багтжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх