Шинэ H&M Studio цуглуулгын загвар бүртэй танилцана уу
Гуравдугаар сарын 1-нээс худалдаалагдана
Хоёрдугаар сарын сүүлээр, Парисын загварын долоо хоногийн хүрээнд Шведийн H&M брэнд хавар-зун 2018 улиралд зориулсан шинэ H&M Studio цуглуулгаа танилцуулах болно. Загварын шоу "see now, buy now" системийн дагуу зохиогдож байгаа бөгөөд цуглуулга танилцуулагдсан даруйдаа брэндийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж эхлэх юм. Мөн гуравдугаар сарын 1-нээс брэндийн салбар дэлгүүрүүдэд тавигдах гэнэ.
Парист болж өнгөрөх загварын шоунаас өмнө шинэ цуглуулгын каталогийн зургууд бүрэн эхээрээ цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Зураг авалтад Саския де Брау, Клеман Шаберно ба Шанелль Ньясиас гэх зэрэг моделиуд оролцжээ. Бэлхүүс тодотгосон тренч цувнууд, ажлын өмсгөлийг санагдуулам жийнсэн материалтай хослолууд, урт цацган чимэглэлтэй свитер цамцнууд, сул эсгүүртэй тод өнгийн даашинзууд, трапеци загварын өмднүүд болон ноосон материалтай галбир барьсан даашинзууд цуглуулгын онцлох загваруудаар тодорсон байна.