Хайх

Лондонгийн загварын долоо хоног дээрх шилдэг цуглуулгууд: Tommy Hilfiger, Erdem ба Versus Versace

Лондонгийн загварын долоо хоног дээрх шилдэг цуглуулгууд: Tommy Hilfiger, Erdem ба Versus Versace

Рок-спорт-гудамжны аястай загварууд болон үлгэрт гардаг үдшийн даашинзууд

Text: Ө.Тодгэрэл


Tommy Hilfiger

1990-ээд оны хип хоп хөгжим эгшиглэж, улаан ба цагаан өнгийн гэрэлтүүлэг анивчих тайзан дээр хар өнгийн өвдөг давсан урт оймс, уранхай жийнсэн өмд, савхин шоорт болон 1990-ээд оны бэлэг тэмдэг болсон дөрвөлжин хээтэй цамц, хонины ноосон захтай пальто, аварга том юүдэнтэй хөвөн цамц өмссөн загвар өмсөгчид алхана. Хилфигер шинэ цуглуулгыг "рок-спорт-гудамжны аястай, бага зэрэг цэргийн хэв маягтай" хэмээн тодорхойлсон бөгөөд дизайнерын үзэж буйгаар энэ нь орчин үеийн гудамжны загварыг илтгэх шилдэг цуглуулга аж. Дуу хөгжимд ухаангүй дуртай дизайнер Томми Хилфигер энэ цуглуулга дээр ажиллахдаа Rolling Stones, the Doors, Pink Floyd хамтлагуудын уран бүтээлээс бүтээлч санаа авч, загвар өмсөгчдийг яг л эдгээр хамтлагуудын шүтэн бишрэгчид мэт болгон загварчилжээ.

Erdem

Брэндийн үүсгэн байгуулагч Эрдем Моралиоглу өөрийн хэв маягтаа үнэнч үлдэж, ээлжит удаагаа маш эмэгтэйлэг дизайнтай үдшийн даашинзуудаас бүрдсэн цуглуулга танилцууллаа. Дизайнер энэ улиралд цэцгэн хээ, хатгамал ба чимэглэл, олон давхар хормой гэх зэрэг элементүүд дээр төвлөрч, үлгэрт гардаг загваруудыг бодит амьдрал дээр амилуулжээ.

Versus Versace

Донателла Версаче хавар-зун 2018 цуглуулгаараа дамжуулан 1990-ээд оны Нью-Йорк хотыг дүрслэхийг оролджээ. Тухайн үед тэрээр төрсөн ах Жанни Версачегийн дэргэд ажилладаг байсан бөгөөд брэндийнхээ загваруудыг илүү залуу, их хотын уур амьсгалтай болгохоор зорьж байсан юм. Цагаан ба улаан өнгийн детальтай богино хар даашинз, неон ногоон өнгийн оруулгатай загварууд, дөрвөлжин хээтэй хослолууд зэрэг нь бүгд ганц л зүйлийг илтгэж байлаа. Тэр нь залуу хүний "галзуу" эрч хүч юм.

цааш үзэх