Хайх

Урам зоригоор дүүрэн, эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх Говь брэндийн шинэ цуглуулга

Урам зоригоор дүүрэн, эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх Говь брэндийн шинэ цуглуулга

Худалдаанд гарлаа

Text: Ц.Намуун


Гэгээлэг, сэтгэл татам Ривьера эргийн үзэсгэлэнт байгалиас сэдэвлэсэн Говь брэндийн шинэ цуглуулга

Говь брэнд 2019 оны хавар-зуны улиралд зориулан урам зориг, эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх онцгой нэгэн цуглуулга урласан байна. Торгон алчуураар чимэглэсэн цамц, цэцгэн хээтэй даашинз, тод өнгийн хослол, кюлотт өмд, сонгодог хүрэм зэргээс бүрдсэн шинэ цуглуулга нь өнгөний хувьд баялаг, төрөл бүрийн хэрэглэгчдийн таашаалд хүрэх чадвартай, хамгийн гол нь хэзээд ч үнэ цэнтэй байх сонгодог хийцтэй болжээ.

Шинэ цуглуулгыг бүтээхдээ брэндийн дизайнерууд дэлхийн суут зураачдын онгод болсон Францын зүүн өмнөд хэсэгт орших үзэсгэлэнт Ривьера буюу Номин эргээс санаа авчээ. Винсент Ван Гогийн хурц өнгөний шийдлүүд, Пикассогийн сор болсон бүтээлүүд зөвхөн энэ газрын сэтгэл татам төрхөөс үүдэн бий болсон гэлцдэг. Тэгвэл Говь брэндийн шинэ цуглуулгад далайн номин цэнхэр өнгө, лаванда цэцгийн ягаан, нарны туяаг санагдуулам шаргал, романтик ягаан, зөөлөн ногоон, шүрэн ягаан гээд Ривьера эргийн бүх л өнгө, туяа тусгалаа олжээ. Харин цэцгэн хээ, дэрвэгэр ханцуй, намирсан силуэт зэрэг романтик өнгө аястай деталиуд нь урин дулаан цагийг илэрхийлэх мэт байлаа.

Энэ удаагийн цуглуулгын онцлох загваруудын нэгээр торгон алчуураар чимэглэсэн даашинз болон цамцыг нэрлэж болох юм. Мөн нимгэн ноолуураар урласан юүдэнтэй цамц, өргөн эсгүүрийн өмд, поло цамц, кардиган зэрэг илүү биед эвтэйхэн, өдөр тутмын загварууд цуглуулгыг илүү өргөн сонголттой болгожээ. Шинэ цуглуулгын зураг авалтын стилистик аргачлалыг анзаарвал нэг өнгөөр дагнах, олон давхарлах зэрэг байдлаар дээрх загваруудыг илүү орчин үеийн, эрхэмсэг хэв маягт оруулж болох нь харагдана.

Говь брэнд шинэ загварууд танилцуулахаас гадна цуглуулгаараа дамжуулан нэгэн үнэ цэнтэй санааг илэрхийлэхийг зорьсон нь “Synergy” буюу “Нэгдэл”-ийн тухай сэдвийг хөндсөн байлаа. Ганц дусал ус хэзээ ч далай болдоггүйтэй адил хөгжил, дэвшил нэг хүний хүчин чармайлтаар бүтдэггүй. Тиймээс итгэл үнэмшил, үзэл санаагаараа нэгдэж, эерэг нийгмийг хамтдаа бүтээхийг брэнд уриалсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх