Хайх

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга

Загвар бүр нь өөрийн гэсэн онцлог, хэв шинжийг илэрхийлнэ

Text: Buro.Mongolia


ГОЁО брэнд намар-өвөл 2019 улиралд зориулан гурван хэсгээс бүрдэх тун баялаг цуглуулгыг урлаад байна. Энэхүү цуглуулгыг Италийн дизайнер Симона Спажаритай хамтран бүтээсэн бөгөөд түүнтэй хамтран гаргаж буй хоёр дах цуглуулга юм. Симона Спажари карьерийнхаа туршид Мартин Маржиела, Жозефф зэрэг шилдэг сүлжмэлийн дизайнеруудаас 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, сүлжмэл эдлэлээр мэргэшсэн нарийн мэргэжилтэн бөгөөд Gianfranco Ferré, Max Mara болон бусад сүлжмэлийн салбарын гол брэндүүдтэй хамтарч байсан түүхтэй билээ.

Урлаг, тэр дундаа гар урлалаас бүтээлч санаа авсан загварууд намар-өвөл 2019 цуглуулгын эхний хэсэгт багтсан бол тансаг байдлыг илтгэх загварууд "Контемпорари" хэсгийг бүрдүүлжээ. Харин "Тэнгэрийн хаяа" гэж нэрлэсэн цуглуулгын гурав дах хэсэгт байгалийн өнгө, туяа шингэсэн загварууд орсон байлаа. Загвар бүр нь өөрийн гэсэн онцлог, хэв шинжийг илэрхийлэх энэхүү цуглуулга нь төрөл бүрийн хэрэглэгчдэд таалагдах маш өргөн сонголттой болсон нь бидний зүгээс өндөр үнэлгээ авсан юм.

УРЛАГ БА ГАР УРЛАЛ

Олон төрлийн өнгө будаг, хээ угалз холилдон харагдах винтэж хэв маяг, өвөрмөц эсгүүртэй загварууд цуглуулгын эхний хэсэгт багтжээ. Товчоор чимэглэсэн даашинз, шоо дөрвөлжин хээтэй хүрэм, тэгш бус эсгүүртэй кардиган, том сүлжээстэй хоолойтой цамц зэргээс бүрдэх эдгээр загваруудыг гар урлалаас сэдэвлэн бүтээсэн болохыг брэндийн дизайнерууд онцолсон юм. Сул эсгүүртэй атлаа биеийн галбир тодотгож өгөх эдгээр загварууд ямар ч хүнд тухтай мэдрэмж төрүүлж, өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэх давуу талтай болжээ.

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 1)

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 2)

КОНТЕМПОРАРИ

Өөгүй байдал, тэгш хэм, нарийн тооцоолол гээд төгс бүхнийг нэг дор цогцлоож чадах цор ганц зүйл бол магадгүй уран барилга болов уу. Тэгвэл "Контемпорари" хэмээн нэрлэсэн цуглуулгын хоёр дах хэсэгт яг тийм цэмцгэр загварууд багтсан юм. Өнгөний хувьд цагаан, цайвар шаргал, хүрэн бор гэх завсрын өнгөнүүд зонхилох ба орчин үеийн силуэт бүхий эдгээр загваруудыг геометрийн хэлбэр дүрс санагдуулам сүлжээсээр баяжуулжээ. Трендэд үл захирагдсан, хэзээд ч үнэ цэнэтэй байх эдгээр загваруудыг ашиглан нэг өнгөөр дагнах, минимал төрх бүрдүүлэх гээд төрөл бүрийн стилистик аргачлалуудыг хэрэгжүүлэх боломжтой санагдлаа.

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 3)

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 4)

ТЭНГЭРИЙН ХАЯА

Хойд зүгийн сэрүүн уур амьсгал, байгалийн өвөрмөц тогтоц, тэнгэрийн хаяа болон далайн гүнийг санагдуулам хөх, номин ногоон, гүн цэнхэр өнгөнүүдээс бүрдсэн, орчин үеийн уур амьсгалтай загваруудыг энэхүү хэсэгт танилцууллаа. Houndstooth буюу соёолжин хээ, өвөрмөц сүлжээс, судал зэрэг модерн хэв маяг шингэсэн эдгээр загварууд нь ямар ч стильтэй хүнд тохирох бөгөөд харах төдийд л биед тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлэх зорилгоор бүтээсэн нь мэдрэгдэнэ. Тухайлбал ажил хэрэгч бүсгүйчүүд битүү энгэртэй ноолууран хантаазыг сорочка цамцтай хослуулан тун хялбар аргаар шик төрх бүтээж болох бол шагай хүрсэн урттай шулуун юбка нь чөлөөт хэв маягаар хувцаслах дуртай охидод гарцаагүй таалагдана.

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 5)

Урлаг, уран барилга ба байгаль эхээс сэдэвлэсэн ГОЁО брэндийн шинэ цуглуулга (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх