Ус ба кутюр загвар: Iris van Herpen, хавар-зун 2018
Далайн давлагааг санагдуулам кутюр даашинзууд
"Байгаль орчин хичнээн нарийн бүтэцтэй болохыг бүү мартаарай. Миний бодлоор хүн төрөлхтөн бидний оюуны чадавх байгалийнхтай дөхөж ч очихгүй. Хүмүүс байгалийг энгийн, харин технологийг нарийн бүтэцтэй гэж үздэг нь хөгжилтэй санагддаг. Энэ нь үнэн хэрэгтээ эсрэгээрээ юм шүү дээ" хэмээн Ирис Ван Херпен шинэ цуглуулгынхаа талаар хэлсэн юм. Тэрээр Парисын түүхийн музей дотор зохион байгуулагдсан кутюр загварын шоундаа өөрийн хамгаас дуртай байгалийн сэдвийг дахин нэг удаа хөндөж, далайн давлагаа, агаар мандлыг санагдуулам даашинзуудыг төрөл бүрээр нь урласан байлаа. Инсталляцийн тусламжтайгаар агаарт тогтох өвөрмөц элементүүдтэй, олон давхар материалтай, хөнгөн бөгөөд хөвсгөр мэдрэмж өгөх кутюр даашинзууд архитектурын дизайн бүхий өсгийтэй гуталнуудтай хослон тайзнаа гарсан юм.