Хайх

Valentino, хавар-зун 2021

Valentino, хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Миланы загварын долоо хоног Valentino-гийн итгэл найдвар дүүрэн романтик коллекциор өндөрлөлөө. Загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччоли анх удаа Италийн Милан хотод загварын шоугаа толилуулсан юм. Тэрээр уламжлалт романтик хэв маяг дээр илүү анхаарч ажилласан ба түүний романтик төсөөлөл, гоо үзэмж сэтгэл хөдлөм гайхамшигтай агшныг бүтээж байв .

Цуглуулгаа урлахдаа тэрээр романтизмаас гадна радикал байдлыг харуулахыг хүссэн гэнэ. "Миний хувьд радикал романтик байна гэдэг нь бие даасан байдлаа илтгэж, бусдаас өөр гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг хэлнэ. Мөн романтик байна гэдэг нь үргэлж дүрэм журам дагах бус идеализмыг дэмжиж, илүү сайхан дэлхийн төлөө тэрслүү, зоригтой байхыг илтгэнэ. Загвар бол миний хувьд өнөө үед юу хамгийн үнэ цэнэтэй вэ гэдгийг илэрхийлэх боломж юм. Бусдаас өөр байдлыг хүлээн зөвшөөрөх, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл зэрэг чухал зүйлсийг загваруудаараа дамжуулж илэрхийлэхийг хичээдэг" хэмээн алдарт дизайнер шинэ цуглуулгаа тайлбарласан байна.

Загварын хувьд уг коллекци нь ердийнхөөсөө илүү минимал цэгцтэй, цөөхөн цэцэг чимэглэлтэй харагдаж байсны зэрэгцээ кутюрын бага зэрэг хэтрүүлэгтэй хэв маягийг шингээж өгчээ. Цуглуулгад торон нэхмэл, хатгамал зэрэг деталиуд зонхилж байсан бөгөөд Японы цэцгийн дизайнер Сатоши Кавамото цуглуулгын зэрлэг цэцгэн хээг урласан байна. Эрэгтэй эмэгтэй загварууд нь хоорондоо хэлбэр силуэт, хэмжээ, материалын хувьд тун төстэй байсан төдийгүй аль аль коллекцид нь өдөр тутмын загварууд болох цамц, хослол, хүрэм зэргүүд голлож байлаа. Ерөнхийдөө тайзан дээр өдөр тутмын минимал загвараас эхлээд Valentino-гийн таних тэмдэг болсон гоёмсог үдшийн гоёлууд намирч харагдсан юм.

Пиччоли загварын шоуг сэтгэл хөдөлгөм, хараа булаасан гайхамшигт агшин болгохдоо тун гаргууд нэгэн. Тиймээс ч хөгжмийг шоундаа хэрхэн ашиглахаа маш сайн мэддэг. Тэрээр энэ удаад дуучин, ая зохиогч Labrinth-ийн хит дуунуудыг сонгосон нь шоуг улам ч гүн сэтгэгдэл төрүүлэхээр болгож байлаа.

цааш үзэх