19-р зууны хэв маягийг харуулсан Louis Vuitton брэндийн хавар-зун цуглуулга
Николя Жескьер бол загваруудаа цаг хугацаатай холбон урлах дуртай, түүндээ ч гарамгай уран бүтээлч билээ. Тухайлбал, тэрээр футуристик загварууд багтсан 2021 оны намар-өвөл цуглуулгаа Грек, Ромын эртний эд зүйлсийг хадгалдаг Луврын музейн Дарю болон Микеланджело галерейд танилцуулж, өнгөрсөн болон ирээдүйг нэг газарт нэгтгэж байсан. Тэгвэл бүтээлч захирал энэ удаагийн цуглуулга дээр ажиллахдаа “Цаг хугацаа гэж юу вэ? Энэ нь загвартай хэрхэн холбогдож, хаана огтлолцдог вэ?” зэрэг асуултуудад хариулахыг оролджээ. Николя энэхүү утга санаанд тулгуурлах болсон бас нэгэн шалтгаан нь загварын ордны үүсгэн байгуулагч Луи Вюиттоны хорвоод мэндэлсний 200 жилийн ой тохиож буй явдал билээ.
Шоуг Луврын музейн Passage Richelieu-д зохион байгуулсан бөгөөд энэхүү байршил нь Луи Вюиттоны анхны үйлчлүүлэгчдийн нэг Францын сүүлчийн хатан хаан Евгениятай уулзалтаа хийдэг байсан түүхтэй газар юм. Цуглуулгад багтсан загваруудын хувьд бүтээлч захирал XIX зуунаас сэдэл авсан нь илт байлаа. Тухайн үеийн эмэгтэйчүүд даашинзаа илүү дүүрэн, хөвсгөр харагдуулахын тулд зөөлөвч, турнюрыг хэрэглэдэг байсан. Тэгвэл Николя тус хэв маягийг өөрийн мэдрэмж, цаг үедээ нийцүүлэн цуглуулгадаа багтаажээ. Түүнчлэн XIX зууныг санагдуулам цацаг, бантиктай захтай загваруудыг гаргахдаа бөмбөлгөн хээгээр чимж богино, хөвсгөр курткатай загварчилсан нь төрхийг хэт хуучинсаг бус, тэнцвэртэй болгожээ. Эдгээрээс гадна цуглуулгад өдөр тутмын хувцасны шүүгээнд тохирох oversize хослол, хөвсгөр хантааз, жийнсэн загварууд болон Pochette, Cannes, Coussin загварын цүнхнүүдийн шинэчлэгдсэн хувилбар ч мөн багтсан юм.