Хайх

Байгальд ээлтэй хувцасны шүүгээ хэдэн ширхэг хувцаснаас бүрддэг вэ?

Байгальд ээлтэй хувцасны шүүгээ хэдэн ширхэг хувцаснаас бүрддэг вэ?

Text: Buro.Mongolia


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилго тавьсан билээ. Тэгвэл дэлхийн нүүрcтөрөгчийн ялгарлын 10 хүртэлх хувийг бүрдүүлдэг загварын салбар, бүр тодруулбал худалдан авагчид Парисын хэлэлцээрээр тогтоосон тус үзүүлэлтэд нийцэхийн тулд ямар алхам хийх ёстойг Берлиний Hot or Cool хүрээлэнгээс судалжээ.

Юун түрүүнд одоогийн нөхцөл байдлаас харахад Австрали, Япон, АНУ болон Их Британи улс хувцасны хог хаягдлаас үүдсэн нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа хамгийн өндөрт тооцогддог байна. Харин Их хорьд багтдаг улсуудаас Энэтхэг, Бразил, БНХАУ, Турк, Индонези жагсаалтад доогуур ордог ч бас л тогтвортой хөгжлийн шаардлагад нийцдэггүй болохыг судлаачид тэмдэглэжээ. Тэгвэл дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилтод хүрэхийн тулд хүн тус бүр 74 ширхэг буюу 20 төрх бүрдүүлэх хэмжээний хувцастай байх хязгаарыг Hot Or Cool хүрээлэнгээс тогтоогоод байна. Энэ нь ойролцоогоор ажилд өмсөх зургаа, гэрийн гурав, спортын зориулалттай гурав, баяр ёслолын шинжтэй хоёр ширхэг хувцас болон гадуур өмсөх хүрэм, өмднөөс бүрдэж байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчид нэг жилд зөвхөн тав хүртэлх хувцас шинээр худалдан авах боломжтой гэжээ. “Энэ бол бидний үнэлгээндээ тусгасан маш өгөөмөр тооцоолол” хэмээн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, ахлах судлаач Льюис Акенжи хэлсэн юм. 

Судлаачдын зүгээс дан ганц хувцасныхаа ширхэг хэмжээнд анхаарахаас гадна хуучин хувцас худалдан авах бас нэгэн ногоон алхам хэрэгжүүлж эхлэхийг зөвлөжээ. Ингэхдээ үүнийг нэмэлт хобби болгох биш, харин зөвхөн шинэ худалдан авалтыг орлуулах зорилгоор хэвшил болгох нь бодитой үр дүнд хүргэж чадна. Түүнчлэн хувцсаа 30 хүртэлх хэмийн усанд, аль болох бага давтамжтай угааж эдэлгээг уртасгах нь хүрээлэн буй орчныхоо төлөө хийх хөрөнгө оруулалт мөн. WRAP хог хаягдал зохицуулах сайн үйлсийн байгууллагаас хүн төрөлхтөн хувцасныхаа хэрэглээг есөн сараар уртасгаснаар нүүрстөрөгчийн ул мөрийг 25 орчим хувиар бууруулж чадахыг тогтоосон билээ.

Мэдээж хэрэг худалдан авагчдын хэвшил бол асуудлын зөвхөн нэг хэсэг ба загварын салбарын үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн үе шат байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Гэвч бидний хамтын хүчин чармайлт тогтвортой хөгжилд хүргэнэ гэдгийг судалгааны багийнхан онцолж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх