Хайх

Виртуал аялал: Загварын долоо хоног

Виртуал аялал: Загварын долоо хоног

Удахгүй дэгдэх халууралд бэлэн үү

Text: Ө.Тодгэрэл


Анхаараарай, анхаараарай. Хүндэт уншигчид аа. Бюро 24/7 удахгүй болох Загварын долоо хоногууд руу виртуал нислэг үйлдэхэд бэлэн боллоо

Арилжааны зориулалттай хэрнээ бүтээлч, бизнес орчин мөртлөө үдэшлэгээр дүүрэн, ихэмсэг атлаа энгийн загварын долоо хоногуудад та зочилвол юу юу үзэж харах вэ? Энэ арга хэмжээ нэг дор алдартнууд, дизайнерууд, брэндийн төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, блог хөтлөгчид, шүүмжлэгчид гээд бүх төрлийн хүмүүсийг цуглуулж чаддаг. Та тэдний дунд өөрийгөө зогсож байна гээд төсөөлдөө. Гайхалтай. Товчхондоо бол долоодугаар сарын 3-наас эхлэн Бюро 24/7 -гийн хуудаснаас уншсан бүх загварын чиг хандлагын мэдээллүүд одоо тайзан дээр гарах цаг ирлээ. Хамтдаа үзэцгээе.

Тийзээ захиалах

Аялалд гарахын өмнө танилцуулахад, "Загварын долоо хоног" гэж юу вэ? 

Загварын долоо хоногийн үеэр дизайнер болон загварын ордонгууд шинэ цуглуулгаа танилцуулж, ирэх улирлын чиг хандлагыг тодорхойлдог. Энэхүү үйл ажиллагаа долоо хоног үргэлжилдэг учир ийм нэр авсан юм. Зарим тохиолдолд ганц хоёр хоногийн зөрүү гардаг ч гэлээ загварын долоо хоног бүр томоохон дэлгүүрүүд, загварын редакторуудын хувьд маш чухал үе. Их дэлгүүрүүд ирэх улирлын шинэ барааны захиалгаа өгч, редакторууд урьдчилан таамагласан трендүүд гаргаж, шинэ өгүүлэл бичих санаагаа эндээс олж авдаг билээ. Дараа нь энэ бүхэн хамгийн чухал сэтгүүлүүдийн хуудсыг чимж, түүхийн хамгийн гоё дүр зургууд болон хоцроно. Тэгэхдээ тэр түүх ойр ойрхон давтагддаг нь загварын долоо хоногийн өөр нэг чухал онцлог юм. 

Есдүгээр сард эхлэх загварын долоо хоногт ирэх оны хавар/зуны улиралд зориулсан цуглуулгууд танилцуулагдана

 

Загварын ертөнцөд жилийг хавар, өвөл гэх хоёр гол улиралд хуваадаг. Prêt-à-Porter буюу бэлэн хувцасны загварын долоо хоног ч мөн адил жилд хоёр удаа болох ба цаг хугацааны хувьд нэг улирлаар урьтаж явагддаг онцлогтой. Тиймээс есдүгээр сард эхлэх загварын долоо хоногт ирэх оны хавар/зуны улиралд зориулсан цуглуулгууд танилцуулагдана гэсэн үг юм.

Загварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар загварын долоо хоног нь дизайнеруудын хувьд алсын хараагаа цэвэр бөгөөд амьдаар олон нийтэд харуулах, бүтээлээ яг өөрийн хүссэнээрээ танилцуулах цорын ганц боломж гэнэ. Учир нь тэдний бүтээсэн хувцас үйлдвэрээс гараа л бол стилистүүд, редакторуудын уран сэтгэмжинд автаж, хувирч эхэлдэг байна. 

Виртуал аялал: Загварын долоо хоног (фото 1)

Нисэх буудал уруу 

Хаашаа нисэхээ тодруулахын тулд хэдэн төрлийн загварын долоо хоног байдгийг эхлээд үзье.

Дэлхийд маш олон төрлийн загварын долоо хоногууд бий. Улс орон бүр өөрийн гэсэн загварын долоо хоногтой байхыг хичээдэг. Тэгэхээр хаа нэгтээ "үргэлж" загварын долоо хоног болж байгаа гэж ойлгож болох юм. 

Гэсэн хэдий ч аливаа зүйлд зиндаа гэх ойлголт бий шүү дээ. "Загварын долоо хоног" гэх ойлголт голдуу дөрвөн том хотод болдог арга хэмжээг илүүтэйгээр илтгэдэг. Тодруулбал Нью-Йорк, Лондон, Милан, Парис хотуудад болдог арга хэмжээг нийтэд нь "Том дөрвийн загварын долоо хоног" гэж нэрлэдэг юм. 

Эхлээд Нью-Йорк, тэгээд Лондон, дараа нь Милан, хамгийн сүүлд Парист болно.

 

Түүнчлэн дээр дурдагдсан бэлэн хувцасны (Prêt-à-Porter) загварын долоо хоногоос гадна дэлхийд чухал ач холбогдолтой бусад нарийн төрлийн загварын долоо хоногууд бий. Тодруулбал haute couture, хуримын, усны хувцасны болон аяллын хувцасны долоо хоногууд олон оронд зохиогддог.

Баримт 1: Дэлхийн хамгийн анхны загварын долоо хоног 1943 онд Нью-Йорк хотноо болсон. Тэр үед "Press Week" буюу "хэвлэл мэдээллийн долоо хоног" хэмээн нэрлэдэг байжээ.

Баримт 2: Жил бүрийн загварын долоо хоног "Том Дөрөв" хотуудад тодорхой дарааллаар явагддаг. Эхлээд Нью-Йорк, тэгээд Лондон, дараа нь Милан, хамгийн сүүлд Парист болно.

Виртуал аялал: Загварын долоо хоног (фото 2)

Аль нислэгт суух вэ?

Загварын орднууд том дөрвөлд хэрхэн хуваарилагддаг вэ? Алийг нь түрүүлж үзэх вэ

Үүнд тогтсон дүрэм журам байхгүй. Ихэвчлэн брэнд, дизайнерын гарал үүсэл болон тухайн урлангийн байршил үүнд нөлөөлдөг. Жишээ нь Нью-Йоркоос гаралтай Michael Kors брэнд төрөлх хотдоо шинэ загвараа толилуулдаг байхад, Chanel загварын ордон үргэлж  Францын нийслэлд шоугаа зохиодог.

Баримт: Нью-Йоркийн загварын долоо хоног олон нийтэд хамгийн алдартай нь хэдий ч Парисын загварын долоо хоног салбартаа хамгийн нэр хүндтэйд тооцогдоно.

Виртуал аялал: Загварын долоо хоног (фото 3)

Ямар дизайнерууд "Том Дөрөв" хотуудын загварын долоо хоногт оролцож болох вэ?

Том, нэр хүндтэй дизайнерууд ба загварын орднууд гол долоо хоногийн үеэр шоугаа тавьдаг. Харин жижиг эсвэл массын брэндүүд гол долоо хоногийн өмнө юм уу дараа нь цуглуулгаа танилцуулдаг. Тэгэхээр үнэн хэрэгтээ ямар ч дизайнер цагийн хуваариас гадуурх шоу зохиож болно. Энэхүү хуваарийг шинэ эсвэл өсөн дэвжих амбицтай дизайнерууд өөрсдийнхөөрөө найруулж тавьдаг учраас жил бүр сонирхолтой чиг хандлагууд гарч ирдэг. Харин загварын долоо хоногт оролцож буй дизайнерууд мэдээж өөрөө бүх зардлаа гаргах шаардлагатай байдаг. Үүнд тайз, нүүр будалт, үс засалт, загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт, гэрэлтүүлэг, дуу, дизайн, зочдын менежмент гээд бүх үйлдвэрлэлийн зардлууд орно. Ихэнхи загварын долоо хоногууд бүх арга зардлыг нэгтгэсэн нэг үнийн санал танилцуулдаг байна. Тиймээс дизайнерууд тэрхүү зардлыг өөрөө гаргах эсвэл томоохон ивээн тэтгэгч олох хэрэгтэй болдог.

Урилгаа хаанаас авах вэ

Загварын долоо хоног олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа юу эсвэл урилгаар зочдоо цуглуулдаг уу?

Загварын долоо хоног нь олон нийтэд нээлттэй арга хэмжээ биш юм. Зочид зөвхөн урилгаар ирдэг. Үүнд хэвлэл мэдээллийнхэн, томоохон дэлгүүрүүдийн эзэд ба төлөөлөгчид, загварын редакторууд, блог хөтлөгчид, дизайнерын найз нөхөд, загварын салбарт нөлөөтэй хүмүүс ба мэдээж хэрэг алдартнууд орно. Эдгээр хүмүүст очих урилга ч өөрөө маш энгийн зүйл биш. Урилгуудыг тусгайлан урладаг өдөн үзгийн эзний талаар та эндээс дэлгэрүүлэн уншиж болно шүү. 

Виртуал аялал: Загварын долоо хоног (фото 4)

Тайз нээгдэх мөч

Загварын долоо хоногийн runway шоу хэрхэн болж өнгөрдөг вэ?

Ихэвчлэн дизайнер, брэндүүд шоугаа дор хаяж 20-40 минутын хоцролттой эхлүүлдэг. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш юм. Учир нь ирсэн зочид Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээнд нийтлэл хийж, эсвэл загварын нөлөө бүхий хүмүүстэй жижиг яриа өрнүүлж амжих цаг гардаг. Харин загвар өмсөгчид тайзан дээр гарснаас хойш ердөө 15-20 минут үргэлжлэх ба тэр үеэр чанга хөгжим, тод гэрэлтүүлэг, мөн магадгүй гэнэтийн онцгой явдлуудаар дүүрэн байх болно.

Баримт: "Том Дөрөв" загварын долоо хоногуудын загвар өмсөгчдийн алхаа хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь Нью-Йоркт хурдан, цовоо алхалт хийдэг бол Парист илүү намуухан, удаан алхаа ажиглагдана.

Виртуал аялал: Загварын долоо хоног (фото 5)

Гэрээгээ үзэглэнэ үү

Загварын долоо хоногийн бизнес тал

Хөлөг онгоцнууд дэлхийн өнцөг булан бүрт түгээхээр ачсан хамгийн шинэлэг, тансаг, чамин зүйлсийг аль боомтод, хэчнээн тоогоор илгээхийг энд л шийддэг. Дээр нь томоохон загварын долоо хоногууд жуулчид ихээр татаж, улсынхаа эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг болжээ. Энэ нь зөвхөн загвар сонирхсон бүлэг хүмүүсийн асуудал биш харин дэлхий дахинд хамааралтай чухал арга хэмжээ болон өргөжиж буйн илрэл юм. 

Баримт: Нью-Йорк хотын Эдийн засгийн хөгжлийн корпорацийн (New York City Economic Development Corporation) 2012 онд хийсэн судалгаагаар Нью-Йоркийн загварын долоо хоног эдийн засагт жилдээ 887 сая долларын хувь нэмэр оруулдаг ажээ.

Хором ч холдмооргүй

Нэмж хэлэхэд загварын долоо хоногууд эхлэхэд та шууд үзэхийг хүсвэл доорх хаягаар зочлон шинэхэн, торгон агшнуудыг амтлаарай. 

http://fashionweekonline.com

цааш үзэх