Хайх

Кардашьян болон Хадидын гэр бүлийн стилийг хариуцдаг Моника Роуз гэж хэн бэ?

Кардашьян болон Хадидын гэр бүлийн стилийг хариуцдаг Моника Роуз гэж хэн бэ?

Хөшигний арын шидтэн

Text: Ө.Тодгэрэл


Дэлхийн олон сая хүн өдөр тутам Instagram-аа эргүүлэн Кендалл Женнер ба Жижи Хадид нарын хувцаслалтыг биширч суудаг. Орчин үеийн залуучуудын хэв маягийг тодорхойлж буй эдгээр охид ямагт загварлаг харагддагаараа алдартай. Гэхдээ тэд стилээ өөрсдөө бүрдүүлэх биш, харин өөр нэгэн бүсгүйд даатгадагийг та мэдэх үү?

Танилц, энэ бол Моника Роуз. Лос-Анжелес хотод суурьшин ажилладаг энэхүү стилист яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн алдартай, бас үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хувцаслаж байна. Кендалл ба Кайли Женнер, Жижи ба Белла Хадид, Ким, Клое ба Кортни Кардашьян, Крисси Тейген, Шанель Иман гэх зэрэг орчин цагийн "It girls" бүгдээрээ түүний үйлчлүүлэгчдийн жагсаалтад багтдаг юм. (Норт Уэст хүртэл түүний туслалцааг авдаг байгаа). Канье Уэстийн хэсэгчилсэн нөлөөг үл тооцвол Ким Кардашьяны загварын хувьслыг хариуцаж, түүнийг жинхэнэ фэйшн шүтээн болгож чадсан хүн бол яах аргагүй Моника. Тэр цагаан, хар, саарал, nude болон заримдаа улаан өнгийг ашиглан нэг төрлийн жигд төрх бүтээх дуртай. Мөн урт пальто, богино топ, савхи болон илгэн материалтай хувцас, өвдөг давсан түрийтэй гутал зэрэг анхаарал татам загварууд сонгохыг илүүд үздэг. Тийм ч учраас Моникагийн загварчлал өнөөдөр хаанаас ч харсан танигдахуйц болсон. Тэр Рейчел Зоуигоос хойш ийм амжилттай гарч ирж буй цорын ганц стилист юм.

Моника Кардашьяны гэр бүлийн гишүүн бүрт зориулж өвөрмөц, бусдаасаа өөр стиль бүрдүүлж чадсан. Кендал Женнерийн богино топ, урт тренч цув, сул загварын даавуун өмд болон намхан ултай гутал ба пүүзнээс бүрдсэн "Model-off-duty" төрх, Кайлигийн галбир тодотгосон харандаа юбка ба бага зэргийн хип-хоп хэв маяг, Клоегийн гүнзгий энгэртэй топ ба маш богино юбканаас бүрдсэн эмэгтэйлэг стиль зэрэг нь бүгд Моникагийн ур чадварыг илтгэнэ. Кардашьяны гэр бүлээс гадна Моника Жижи Хадидын бага зэргийн эршүүд (tomboy) хувцаслалтыг өдөр тутамд зохицуулж өгдөг байгаа.

Анх 2003 онд загварын стилист карьерээ эхлүүлсэн Моника тухайн үед жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүрт менежерээр ажилладаг байжээ. Тэр шинэ дэлгүүрийн нээлтэд гар бие оролцож, эрхэм үйлчлүүлэгчидтэй ганцаарчлан ажиллаж, дэлгүүрийн зураг авалтад хүртэл хувь нэмрээ оруулдаг байж. Нэг үгээр бол тэр байж болох бүхий л "бүтээлч" ажлуудыг хариуцаж, тэр хугацаандаа олон хүний бие галбиртай ажиллаж, хувцас хүний биед яаж суудаг, ямар галбиртай хүнд ямар загвар зохих талаар мэдлэг хуримтлуулсан байна. Тэр үед стилист мэргэжил загварын ертөнцөд бэхжиж амжаагүй байсан тул Моника өөрийгөө аль чиглэл рүү тэмүүлж буйгаа ч сайн ойлгодоггүй байсан гэнэ. Хамгийн гол нь тэр загварт хайртай, хүнтэй ганцаарчлан ажиллах дуртай, үйлчлүүлэгчээ хөөрхөн болгох дуртай нэгэн байж. Тэрбээр тун удалгүй Лос-Анжелес хот руу нүүж, ажлынхаа хүрээнд танилцсан хэдэн зурагчинтай хамтарч өөрийн бүтээлч каталогийг гаргасан байна. Загварын агентлагуудад каталогио танилцуулж, улмаар өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон Моника 2007 онд Ким Кардашьянтай Complex сэтгүүлийн зураг авалтан дээр хамтран ажиллажээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл түүний карьер маш эрчимтэй өсч байна.

Кардашьян болон Хадидын гэр бүлийн стилийг хариуцдаг Моника Роуз гэж хэн бэ? (фото 1)

Стилист бүсгүй хамгийн анх чокер трендийг дэлгэрүүлсэн цөөн хүний нэг юм. Түүний загварчилдаг алдарт охид болох Кендалл, Жижи ба Кайли нар анх чокерыг хаа сайгүй зүүж эхэлснээр энэ давалгаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэр мөн цамц загварын богино даашинз болон өвдөг давсан түрийтэй гутлын хослол, газар хүрсэн урт нимгэн цув зэрэг өнөөдрийн олон нийтийн сүлжээгээр хамгийн түгээмэл харагддаг хувцаслалтыг гаргасан юм. Моникагийн гол нууц нь "хичээгээгүй мэт" атлаа тачаангуй бас шик төрх бүрдүүлэхэд оршдог юм. Мөн түүний ажилд 1990-ээд оны уур амьсгал хамгийн ихээр нөлөөлдөг байгаа.

Кардашьян болон Хадидын гэр бүлийн стилийг хариуцдаг Моника Роуз гэж хэн бэ? (фото 2)

"Моника Роузын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?" гэх асуултад тэр "Бидний ажил сонсогдож байгаагаасаа хэд дахин хэцүү байдаг. Бид үйлчлүүлэгчдийнхээ зөвхөн улаан хивсний гэлтгүй, мөн өдөр тутмын хувцаслалтыг хариуцдаг. Төрх бүрийг бүрдүүлэхэд хэрэг болох хувцаснуудыг олоход их ажил орно. Бид өдөржин утас ба компьютертайгаа "наалдсан" байдаг гэж хэлж болно. Брэндүүд ба дэлгүүрүүдийн төлөөлөгчид руу байнга л залгаж, өдөржин бутикүүдээр хэрэгтэй зүйлсээ хайж, онлайн сэтгүүл ба загварын шоунуудаас санаа авч, судалгаа хийдэг. Түүнчлэн бид ямагт үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж, хувцсыг тэдний галбирт төгс суулгах гэж хэмжээ авч, тааруулан оёдог. Хамгийн гол нь энэ бол 24/7 ажил юм. Бидэнд амрах цаг тун ховор. Мөн алдаа гаргах эрх нэг ч байхгүй. Заримдаа ажлаасаа болж их ядардаг ч би ажилдаа маш их хайртай тул өдөр бүрийг завгүй мөртлөө аз жаргалтай өнгөрөөдөг" хэмээн Моника Complex сэтгүүлийн ярилцлагадаа ярьж байлаа.

 

цааш үзэх