Хайх

“Хэн хаашаа шилжих бол” гэх асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй

“Хэн хаашаа шилжих бол” гэх асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй

Ойрын гурван жилд загварын ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ

Text: Buro.Mongolia


Buro 24/7-гийн тоймч Елена Стафьева загварын ертөнцөд шуугиан тарьж буй дизайнеруудын албан тушаалаа орхих шийдвэрүүд ба огцролтуудын талаар эргэцүүлж, «брэнд-бүтээлч захирал-үйлчлүүлэгч» гэх харилцан холбооны бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг илрүүллээ

Франсиско Коста Calvin Klein-тай салах ёс гүйцэтгэсний дараа уг албан тушаал дээр Раф Симонс очих магадлалтай гэж яригдаж байсан. Дараагаар нь Эди Слиманыг Saint Laurent-аас гарахад түүнийг тун удалгүй Энтони Ваккарелло орлосон. Түүнчлэн Карл Лагерфельдыг тэтгэвэртээ гарах үед түүний байрыг Эди Слиман эзэлж, харин удирдагчгүй хоцорсон Dior руу саяхан Lanvin-ыг орхисон Альбер Эльбаз очих өндөр магадлалтай гэх цуу яриа тархсан. Энэ бүх мэдээлэл дунд зөвхөн энгийн уншигчид бидний гэлтгүй, мөн загварын мэргэжилтнүүдийн толгой эргэх шиг болж байна. Гэхдээ эдгээр явах болсон эсвэл ирэх болсон мэдээллүүд үнэн хэрэгтээ тийм чухал гэж үү?

Энэхүү үргэлж өөрчлөгдөж, эргэлдэж байдаг загварын морин тойруулгыг ажиглах нь тун сонирхолтой байдаг ч энэ нь бодит байдлын мөн чанарыг биднээс нуудаг өнгөлөн далдлалт юм. Үнэн хэрэгтээ Эди эсвэл Карл хаашаа явах нь тийм ч чухал биш шүү дээ. Харин Calvin Klein өөрийн олон төрлийн шугамуудаа цөөлөх болов уу, агуу том Францын загварын ордныг Калифорниос удирдах боломжтой болов уу, дизайнеруудын брэндүүдтэй байгуулдаг гурван жилийн гэрээ загварын салбарын стандарт хугацаа болж хувирах уу, мөн брэндүүд шинэ бүтээлч захирлаа ямар шалгуураар сонгож байна вэ гэх зэрэг асуултууд хамаагүй илүү чухал ач холбогдолтой юм. Шинэчлэлт хийхэд зориулагдсан олон сая доллар брэндийн ирээдүйд нөлөөлөөд байна уу, эсвэл шинэ бүтээлч захирлын өвөрмөц гоо зүйн мэдрэмж түлхэц үзүүлээд байна уу? Загварын ертөнцөд яг одоогийн байдлаар замбараагүй уур амьсгал ноёрхож байна. Энэ үед оролцогчид биш, харин оролцогчдын ард зогсох загварын салбарын бүтэц илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Энэ үед тухайлбал Слиманыг Ваккареллотой харьцуулж, хэн нь илүү чадварлаг вэ хэмээн эргэцүүлэн суух нь ямар ч утгагүй юм. Эдгээр дизайнеруудын аль нь ч цоо шинэ дүрс эсвэл эсгүүр сэдэж байгаагүй. Гэхдээ Слиман бэлэн дүрс ашиглахдаа хамаагүй илүү гарамгай. Нэг үгээр бол тэр Ваккареллогоос илүү юмыг хооронд нь зохицуулах, хослуулах чадвартай. Хамгийн сонирхолтой нь орчин үеийн загварын салбар яг л дизайны студи мэт үйл ажиллагаа явуулах боллоо. Өөрөөр хэлбэл загварын ордод олонд танигдахуйц тодорхой нэгэн стильтэй болж, тэр стилийнхээ дагуу ажиллаж байна. Ваккарелло ч бас үдээсэн чимэглэлтэй богино юбка эсвэл одны дүрстэй богино даашинз бүтээж чадна шүү дээ. Тэр Слиманы гаргаж ирсэн "гранж-инди-секс-рок" хэв маягийг ямар ч асуудалгүйгээр үргэлжлүүлж чадна. Saint Laurent-ын толгой групп Kering яг л ийм зүйлд найдаж, шинэ бүтээлч захирлыг тодруулсан бололтой. Орчин үед дизайнерыг брэндийн урт хугацааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор биш, харин богино хугацааны тодорхой нэг асуудлыг шийдүүлэхийн тулд л ажилд авдаг болсон харагдана. Тэгээд ч дизайнерууд өөрсдөө хамгийн ихдээ гурван жилийн гэрээ байгуулах болсон. Тэд брэндийн борлуулалт өссөн тохиолдолд хувийн цалингаа мөн өсгөх боломжийг алдахгүйн тулд л ийм богино хугацааны гэрээ хийх болсон юм.

“Хэн хаашаа шилжих бол” гэх асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй (фото 1)
Мэдээж хэрэг энэ хандлага нь бүх брэндүүдэд хамааралтай биш юм. Ийм зэргийн хөнгөхөн бодлоготой, хурдан солилцоо Dior эсвэл Chanel-д хэзээ ч тохиохгүй. Эдгээр домогт брэндүүд зөвхөн маш чадварлаг бас алдартай дизайнер ажилд авдаг. Dior-т эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн "new look" төрх, харин Chanel-д "Шанель" хослол бий. Тиймээс тэд энэхүү үнэ цэнэтэй уламжлалыг хадгалж үлдэх хэрнээ бас шинэлэг юм санал болгож чадахуйц өргөн хүрээгээр сэтгэх дизайнеруудыг ямагт хайдаг юм. Тэгээд ч Раф Симонсын Dior ордонд авчирсан өөрчлөлтүүд үнэхээр гайхамшигтай байсан ч, түүний эрх мэдэл брэндийн зарим нэг салбарууд руу хүрч амждаггүй байсан. Тухайлбал дэлгүүрүүдийн интерьер дизайн, сурталчилгаануудын хэв маяг, сурталчилгааны загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт гэх зэрэг салбаруудад Симонсын оролцоо тун бага байсан. Хэрвээ Симонс Calvin Klein руу шилжвэл түүнд Dior-т байснаас их эрх мэдэл бас эрх чөлөө олгогдох байх. Business of Fashion-ы ерөнхий редактор Имран Амедигийн бичиж буйгаар Calvin Klein брэнд ойрын хугацаанд үйл ажиллагаагаа нэгтгэж, "цэвэрлэгээ" хийж, нэгдсэн зорилготой болох хэрэгтэй байгаа юм. Магадгүй тэд Симонсыг хүлээж авбал, брэндийнхээ бизнес бүтцийг шинэчилж, ck Calvin Klein, Calvin Klein Jeans, Calvin Klein гэх зэрэг олон толгой эргэм шугамуудаа нэгтгэх байх.

Түүнчлэн загварын салбарын нэгэн жишиг болоод буй дизайнер ба брэндүүдийн гурван жилийн гэрээ брэндийн хэрэглэгчдийн хандлагад нөлөөлж эхэлж байна. Хэрвээ та Saint Laurent брэндийн тогтмол худалдан авагч төдийгүй мөн Слиманы үнэнч шүтэн бишрэгч бол та Слиманыг албан тушаалаа орхих болсон талаарх мэдээг сонсмогцоо түүний хамгийн сүүлд танилцуулсан цуглуулгын загваруудыг худалдан авахыг гарцаагүй хүснэ. Учир нь Слиманы бүтээсэн загвар дахиж хэзээ ч Saint Laurent брэндийн нэрийн доор худалдаанд гарахгүй гэдгийг та сайн ойлгож байгаа. Үүний адил Gucci-гийн одоогийн хэв маягт дурласан зарим худалдан авагчид Алессандро Микелег тун удахгүй албан тушаалаа солих магадлалтайг эртнээс таамаглаж, брэндийн сүүлийн цуглуулгуудын хамгийн содон зүйлсийг цуглуулаад эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл цоо шинэ худалдан авалтын стратеги үүсээд байна. Урьд өмнө нь дизайнерууд нэг газартаа 10-12 жилийн турш ажилладаг байхад ийм зүйл ажиглагддаггүй байсан шүү дээ. Тэгэхээр "Слиманы үеийн SL" цуглуулгын хувцсыг эзэмшихийг хүсч байвал яаравчлаарай.

“Хэн хаашаа шилжих бол” гэх асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй (фото 2)
Ийм янзаар орчин үеийн загварын салбарын бүтэц бага, багаар өөрчлөгдөж байна. Орчин үед том корпорациуд хувь хүн буюу бүтээлч захирлуудаас илүү чухал болж, хамаагүй том үүрэг гүйцэтгэж байна. Дизайнерын бүтээлч байдал, зан чанар, өвөрмөц хэв маяг брэндийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэх чадвартай ч, эцсийн үр дүнд аливаа Слиманыг аливаа Ваккарелло орлох боломжтой болоод байна. Юутай ч биднийг ойрын ирээдүйд олон өөрчлөлт, олон шилжилт хүлээж байна. Юу болохыг харж, хүлээж суух л үлдлээ.

цааш үзэх