Мэргэжилтнүүд зөвлөж байна: Нарны шилээ хэрхэн зөв сонгох вэ?
Нүүрний хэлбэрт тохирсон байдал болон чанар чухал
Нарны шилээ зөв сонгоход ердөө ганц л томьёог дагахад хангалттай. Энэ нь эсрэг тэсрэг байдлыг ашиглах явдал юм. Италийн Dom Vetro нарны шилний брэндийн захирал Эшли Безамат "Нүүрний хэлбэр болон шилний хэлбэр хоорондоо эсрэг байх нь ерөнхий төрхийг тань тэнцвэржүүлж харагдуулдаг давуу талтай" хэмээн зөвлөж байна.
Мөн Роберт Дауни Жуниор, Александр Скарсгорд зэрэг Холливүүдийн оддын стилистээр ажилладаг Жанна Янг өргөн шанаатай бол дугуй хэлбэрийн шилнээс татгалзах хэрэгтэй. Учир нь дугуй хэлбэрийн шил нь таны царайг улам өргөсгөж харагдуулах болно. Харин оронд нь дөрвөлжин шил зүүх нь илүү тохиромжтой болохыг онцоллоо. Иймээс нүүрний хэлбэртээ тааруулж шилээ сонгох нь хамгийн чухал болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Загвар дизайнаас гадна хамгаалалтыг бүү мартаарай
Нарны шил таныг загварлаг харагдуулахаас гадна нүдийг тань хамгаалж байх үүрэгтэй билээ. Гэвч бүх шил нарны хэт ягаан туяаны хамгаалалттай байдаггүй. Гудамжинд ил зарж буй аль эсвэл энгийн дэлгүүрээс худалдаж авсан шилийг ихэвчлэн муу чанарын линзээр хийдэг бөгөөд ийм шил нь үзэгдэх спектр буюу энгийн гэрлийг бууруулж, нүдний хүүхэн хараа ердийн хэмжээнээсээ томроход хүргэдэг. Ингэснээр нарны хортой туяа нүд рүү илүү их ордог тул хямд нарны шилнээс татгалзахыг Безамат зөвлөлөө.
Нүүрний хэлбэрийг хэрхэн мэдэх вэ?
Нүүрний хэлбэрийг ерөнхийд нь зургаан төрөлд ангилдаг бөгөөд нүүрний хэсгүүдийг доорх заавраар хэмжин нүүрний хэлбэрийг тодорхойлно.
1. Нүүрний урт: Нүүрний гол хэсгийн үсний угаас эрүүний төгсгөл хүртэл хэмжээ.
2. Дух: Духны хамгийн өргөн хэсгийг хэмжээ.
3. Шанаа хэсэг: Нэг нүдний гадна булангаас нөгөө нүдний гадна булан хүртэл хэмжээ.
4. Эрүүний яс: Эрүүний төгсгөл хэсгээс чих хүртэлх зайг хоёр дахин үржүүлсэн хэмжээ.
Дугуй хэлбэрийн царай
Нүүрний уртын хэмжээ ба шанаа хэсгийн хэмжээ хоорондоо тэнцүү бөгөөд энэ нь дух болон эрүүний яснаас урт байвал дугуй хэлбэрийн царайнд тооцогдоно. Дугуй царайтай хүмүүс дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн шил илүү зохидог байна.
Тэгш өнцөгт хэлбэрийн царай
Ерөнхийдөө зууван хэлбэрийн төрхтэй хирнээ өргөн эрүүний ястай төрхийг хэлэх бөгөөд ийм төрлийн төрхтэй хүмүүс бөөрөнхий, зууван хэлбэртэй, тунгалаг хүрээтэй шил зүүвэл тохиромжтой.
Дөрвөлжин хэлбэрийн царай
Нүүрний бүх хэсэг тань хоорондоо ижил хэмжээтэй бол дөрвөлжин царай гэж үзэх ба Харри Поттерийн зүүдэгтэй ижил дугуй хэлбэрийн шил ийм төрлийн царайтай хүмүүст илүү тохиромжтой.
Зууван хэлбэрийн царай
Нүүрний уртын хэмжээ хацрын яснаас урт, дух эрүүний яснаас илүү өргөн бол зууван хэлбэрийн царай юм. Ийм төрлийн царайтай хүмүүст ихэнх загварын шил маш сайхан зохидог бөгөөд Ray-Ban брэндийн Wayfarer загвартай ижилхэн дээд хэсгээрээ өргөн, доод хэсгээрээ дугуйрсан загварын шил илүү зөв төрхтэй харагдуулна.
Зүрхэн хэлбэрийн царай
Дух хэсэг хацрын яснаас илүү өргөн бол зүрхэн хэлбэрийн царайнд тооцогдох бөгөөд дээд хэсгээрээ өргөн хэлбэрийн шил сонгохоос татгалзаарай. Харин "aviator" буюу та бидний нэрлэж заншсанаар кобра загварын шил илүү тохиромжтой.
Алмаз эрдэнийн хэлбэрийн царай
Эрүү болон духны өргөн шанааны яснаас богино байвал доороосоо дээш өргөссөн хэлбэрийн шил зүүх нь тохиромжтой.