Загварлаг хувцаслалтын нууц: Оливия Палермогоос суралцах арван аргачлал
It girl
Хамгийн анх The City реалити цувралаар алдаршсан Нью-Йоркийн "It girl", загварын блогер Оливия Палермогийн талаар дуулаагүй бүсгүй гэж үгүй байх. Түүний эмэгтэйлэг, өнгөлөг, өвөрмөц стиль үргэлж ямар нэгэн загварын сэтгүүлийн хуудсыг чимж, аль эсвэл Pinterest ба Instagram-ын цонхонд үзэгдэж байдаг. Загварын шоуны эхний эгнээнд суухдаа, Нью-Йоркийн гудамжаар алхахдаа эсвэл өөрийнхөө шинэхэн төслийг танилцуулж байхдаа гээд ямагт загварлаг харагддаг Палермо бараг хэзээ ч загварын алдаа гаргадаггүй гэхэд хилсдэхгүй болно. Тэр хаа ч явсан өөрийн хувцаслалтаараа олны нүдийг хужирлаж, олон мянган бүсгүйчүүдийн загварын шүтээн болдог юм. Мэдээж хэрэг түүний хувцасны шүүгээ дэлхийн хамгийн томоохон брэндүүдийн загваруудаар дүүрсэн байдаг ч Оливиягийн бусдаас өвөрмөц харагдах нууц нь үнэтэй хувцсанд биш, харин хувцаснуудыг хооронд нь хослуулах этгээд аргачлал, энгийн хувцсыг онцгой харагдуулах чадвар, жижиг деталийг анхаарах нарийн мэдрэмжид оршиж байгаа юм.
Total black буюу дан хар өнгийн хувцаслалт үргэлж дэгжин харагддаг
Оливия тод өнгө ба анхаарал татам хээний үнэнч шүтэн бишрэгч хэдий ч тэр заримдаа хөлнөөсөө толгой хүртэл хар өнгөөр хувцаслах дуртай. Хар өнгө нь хэзээ ч моодноос гарахгүй, амьдралын ямар ч нөхцөлд тохирох хамгийн сонгодог өнгө гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Юу өмсөхөө мэдэхгүй, яарч сандарсан үедээ total black төрх сонгоорой. Энэ нь загварлаг харагдах хамгийн хялбар арга юм шүү.
Олон төрлийн хээг хооронд нь хослуулахаас бүү ай
Энэ нь магадгүй хамгийн хэцүү аргачлалуудын нэг байх. Учир нь тунгийг нь хэтрүүлсэн нөхцөлд та загварлаг гэхээсээ илүү галзуу харагдах болно. Хэрвээ та анхлан сурагч бол Оливиягаас санаа авч, зөвхөн ижил туяатай хээнүүдийг хооронд нь хослуулаарай. Мөн хоорондоо адил бүтэцтэй хээнүүд илүү хялбар зохицдогийг анхааралдаа авах хэрэгтэй. Тухайлбал жижиг дөрвөлжин арай том дөрвөлжин хээтэй, нарийн судал илүү өргөн судалтай сайхан хосолдог.
Эрэгтэйлэг хэв маягтай хувцсыг өндөр өсгийттэй хослуулж, ерөнхий төрхөө тэнцвэржүүлэх хэрэгтэй
"Ажлын" жийнсэн цамц, шулуун эсгүүртэй пиджак, сул загварын өргөн өмд гэх зэрэг эрэгтэйлэг хэв маягтай хувцаснуудыг өндөр өсгийттэй хослуулбал илүү дэгжин төрх бий болдгийг Оливия Палермо хэнээс ч илүү сайн мэддэг. Түүний өдөр тутмын хувцаслалтаас санаа аваарай.
Давхарлаж өмсөх аргачлал хэзээ ч моодноос гарахгүй
Аливаа загварлаг бүсгүй "давхарлаж өмсөх" аргачлалд төгс суралцсан байдаг. Оливия хоолойтой свитерийг захтай цамцтай, даашинзтай, эсвэл пиджактай хослуулж, дээрээс нь мөн хүрэм давхарлах дуртай. Тэр мөн хүйтэн өдрүүдэд хоёр давхар хүрэм өмсөж, нэгэн зэрэг дулаахан бас загварлаг харагддаг. Ерөнхийдөө шүүгээн дэх бүхий л хувцсаа хооронд нь давхарлаад үзээрэй, та маш гэнэтийн хэрнээ загварлаг төрхүүд гаргаж авах болно.
Олон төрлийн хувцастай хослуулах боломжтой, чанартай эд зүйлсэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй
Палермо нэг хувцсыг нэг л удаа өмсдөг алдартнуудын нэг биш юм. Тэр бусад хувцас дээр давхарлаж болох, бие даасан, чанартай эд зүйлс худалдаж авах дуртай бөгөөд тэдгээрийгээ олон удаа, олон төрлөөр хослуулан өмсдөг. Тухайлбал доорх зураг дээр үзэгдэх өвдөг давсан урттай, саарал хантаазыг тэр юбка ба жийнсэн өмдтэй хослуулж, хоёр тэс өөр төрх бүрдүүлсэн байгааг та харж байгаа биз ээ. Энгийн даашинз худалдаж авахын оронд энэ зэргийн функц ихтэй эд зүйлсэд хөрөнгө оруулалт хийгээрэй.
Этгээд загварын нарны шил ямар ч хувцаслалтыг илүү сонирхолтой болгодог
Оливия Палермо бол нарны шилний хатан хаан юм. Тэр үргэлж этгээд хэлбэртэй, тод өнгөтэй, анхаарал татам нарны шил сонгодог. Энэ нь ч түүнийг бусдаас ялгарахад нөлөөлдөг юм.
Үсээ хувцасныхаа зах дотор нуух тренд дэлгэрч байна
Оливия үргэлж задгай тавьсан үсээ хүрэмнийхээ захан дотор нуусан харагддаг. Тэр ингэснээр үсээ салхинаас хамгаалахыг хүсдэг эсвэл зүгээр л үсээ гаргаж ирэхээс залхуурдаг байх. Юутай ч энэ нь үнэхээр загварлаг харагддаг шүү.
Хүрмээ мөрөн дээрээ тохох аргачлал загварлаг хэвээр байна
Та хэрвээ анзаарсан бол сүүлийн үед бүсгүйчүүд хүрмээ өмсөхийн оронд мөрөн дээрээ тохдог болоод байгаа. Аливаа тренд хэтэрхий түгээмэл болох үед хүмүүсийн сонирхол буурдаг гэх хууль загварын ертөнцөд үйлчилдэг ч энэ аргачлал нь хүчээ алдах төлөвгүй байна. Есдүгээр сарын дундуур зохиогдсон Лондонгийн загварын долоо хоног дээр Оливия мөрөн дээрээ тохсон хүрэмтэй хүрэлцэн ирж, уг трендийг дахин нэг удаа тунхаглалаа.
Эмэгтэй хүнд хамгийн хэрэгтэй аксесуар бол бүс юм
Оливия Палермо аливаа хувцсыг бүсэлж, бэлхүүсээ тодотгох дуртай. Ингэснээр түүний төрх хормын зуур эмэгтэйлэг бас цэмцгэр болдог. Аль болох бүтээлч байдлаар сэтгэж, гадуур хувцсаа ч бас бүсэлж болохыг анхааралдаа аваарай.
Захиалгаар хийгдсэн хувийн чанартай элемент бүсгүй бүрийн шүүгээнд байх хэрэгтэй
Загварын ертөнцийн "It" бүсгүйчүүд сүүлийн үед өөрийн нэрээ бичүүлсэн хүрэм, цүнх ба аксесуарт дурлах боллоо. Бусдаас ялгарах хамгийн шилдэг арга биш гэж үү?