Зочдыг алмайруулсан Grandmaster “Protect Ya Soul” шоуны сэтгэгдэл
Брэндийн анхны загварын шоу бүх хүлээлтийг давж, стандартыг ахиуллаа
Дийлэнх дизайнерууд загварын шоу зохион байгуулахдаа уламжлалт форматыг баримтлан анхаарлаа зөвхөн шинэ загварууд дээрээ төвлөрүүлдэг бол цөөн хэдэн дизайнерууд үүнээс нэг алхмаар цааш сэтгэж, хайрцгаас гарсан шоуг толилуулж чаддаг. Тэгвэл өнгөрөгч Пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 9-нд болсон Grandmaster брэндийн загварын шоу тэрхүү ховор төрлийн шоу байсан юм. Энэ өдөр брэндийн анхны runway шоу болсон төдийгүй үүсгэн байгуулагч О.Анхбаярын төрсөн өдөр тохиож олон хүний сэтгэл догдолсон, гайхалтай үдэш болж өнгөрлөө.
Урлаг бол урлаг. Загвар бол загвар. Гэхдээ энэ хоёр салбар нэгдэх үед гайхалтай зүйл бий болдгийг Protect Ya Soul шоу дахин нэг удаа баталлаа.
Бүгд дор бүрнээ өөрийн санааг өөртөө хадгалах нь бүтээлч байдлыг гацаадаг. Харин хоорондоо хуваалцаж, хамтарч, бие биенээ дэмжих нь шинэ эриний дизайнерууд болон артистуудын гол эрмэлзэл болсон төдийгүй ирээдүй өөрөө энэ чиглэл рүү зүглэж байна. Үүнийг Монголд дорвитой хэмжээнд харуулж чадсан нь О.Анхбаяр байлаа. Тэрээр энэ удаагийнхаа төслийн хүрээнд загварын шоуны зохион байгуулалт дээр Elf компанитай хамтарснаас гадна Монголын урдаа барьдаг артистууд болох граффити болон каллиграфийг хослуулагч OchirOne, керамик уран барималч Н.Сүхбүрэн болон эсгийгээр туурвидаг уран бүтээлч Мөөжий, мөн дотоодын томоохон үйлдвэрүүдийн нэг "Дархан Минж ХХК" гээд олон чадварлаг хүний хүчийг нэгтгэснээр бүх юм нь бүрдсэн, деталь бүрийг тооцоолсон, жинхэнэ wow эффектийг өгч чадсан, хүчтэй шоу зохион байгууллаа. Анх 2013 онд загварын салбарт хөл тавьснаасаа хойш О.Анхбаяр өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд өөрийгөө бүх чиглэлээр хөгжүүлж, зөвхөн хувцас дизайн гаргаад зогсохгүй хөгжим зохиож, DJ хийж, street art туурвиж, урлагийн ертөнцтэй салшгүй холбоотой болсноор аливаа зүйлийг бүрэн дүүрэн, өргөн өнцгөөр харуулж чаддаг visionary artist болон хувирчээ.
Үйл явцыг бүүр эхнээс нь хүүрнэвэл, Protect Ya Soul шоунд нийт ердөө 100 хүн уригдсан бөгөөд ирсэн урилганаас нь л шууд өндөр хүлээлт үүссэн байсан юм. Тодруулбал, Grandmaster брэнд цаашид бүх дроп, цуглуулгаа зөвхөн nft.mn платформ дээр танилцуулах болсонтой холбогдуулан зочдод тусгай NFT урилга илгээгдсэн бөгөөд хүн бүр бэлгэнд NFT хүлээн авч энэхүү урлагийн салбарын шинэ эрин үе руу умбасан билээ.
Урилга авсан зочид On'n Off Production-н гадаа 19:30-д хүрэлцэн ирэх үед барилга дээр projection mapping хийгдэж Protect Ya Soul төслийн маскны эмблем барилгыг бүрхэж орчныг гэрэлтүүлж байлаа. Босгыг давмагц хар, бараан өнгийн интерьер, чанга хөгжим, өнгө өнгөөр анивчих гэрэл, мөн мэдээж хэрэг орон зайг дүүргэсэн цуглуулгын гайхалтай бүтээлүүд угтан авсан юм. Үүдний хэсэгт OchirOne-той хамтарсан цуглуулгын хивс болон Н.Сүхбүрэнтэй хамтарсан керамик маскнууд шилэн хоргонд байршиж контемпорари галерейд ороод ирсэн мэт мэдрэмжийг төрүүлж байсан бол хаалганы цаана, Caelum ресторан дотор зочдыг хоол, коктейль хүлээж байлаа. Шоу эхлэхээс өмнө OchirOne аварга том хоосон зотон дээр амьдаар каллиграффити зурж үзүүлсэн бөгөөд зочид ч мөн зотон дээр өөрийн тэмдэглэлийг үлдээх боломжтой байсан юм. Ингэснээр тэнд цугласан хүн бүр Grandmaster-ийн түүхэн дэх энэ хуудсыг хамт бичилцэж, брэндийн нэг хэсэг нь болсон нь О.Анхбаярын хүргэхийг хүссэн тэрхүү хамтын хүч бол амжилтын түлхүүр гэсэн санааны төгс илэрхийлэл боллоо.
Protect Ya Soul төсөл нь гадна талд харагдах байдлаас илүүтэй хүний дотоод мөн чанар, сүнслэг байдал руу анхаарлыг хандуулсан бөгөөд "Бид анх ямар хүмүүс байсан, ямар үнэ цэнэ баримталдаг байсан тэр бүхнээ бүү мартаарай, сүнсээ хамгаалаарай" гэх мессежийг өөртөө агуулсан билээ. Харин цуглуулгын энэ санааг олны хүндэтгэлийг хүртсэн алдарт артист С.Ганзүг өөрийн арт перформансаар дамжуулан үзэгчдэд хүргэж нэг ч үг хэлэлгүйгээр хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
Арт перформанс дуусмагц гэрэл унтран хананууд дээрх LED дэлгэцүүд асаж, Protect Ya Soul цуглуулгын эмблем орчныг гэрэлтүүлэх үед О.Анхбаярын зохиосон хөгжим чангаар танхимыг доргиож анхны модель тайзнаа гарч ирсэн билээ. Хүйсгүй загварууд урладаг Grandmaster-ийн сонгон шалгаруулсан моделиуд ч бас бүгд өөрийн гэсэн өвөрмөц стильтэй бөгөөд тайзнаа өөрийнхөөрөө чөлөөтэй алхан шинэ загваруудыг танилцуулж байх зуур үзэгчид өөрийн эрхгүй цохилттой хөгжмийн хэмнэлд автан суудал дээрээ хөнгөн бүжиглэж, танхимд бүхэлдээ маш чөлөөтэй, хэнэггүй уур амьсгал бүрдсэн юм. Бүгд тэр моментыг мэдэрч, Grandmaster-ийн ертөнцөд ууссан билээ.
Энэ дашрамд дурдахад, О.Анхбаяр электроник, альтернатив, хип-хоп гэх гурван жанраар хөгжим зохиож эхэлсэн бөгөөд жанр тус бүрт өөр өөр нэрээр уран бүтээлээ туурвих юм. Тухайлбал, электроник хөгжмийг тэрээр “Laagr", харин альтернатив хөгжмийг "Eyelnd" нэрээр гаргаж байгаа билээ. Харин анхны загварын шоундаа зориулж тэрээр Protect Ya Soul төслийнхөө original track-г бүтээсэн бөгөөд энэхүү дуугаа удахгүй NFT болгож олонд хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Анхбаяр мөн шоуныхаа арт перформансын хөгжмийг бүтээсэн билээ.
Шинэ цуглуулгын хувьд хар савхин гадаргуутай нэхий бомбер, Монголчуудын бэлгэдэл болсон хөх болон улаан өнгийн ноолууран цамц, бүхэлдээ OchirOne-ы соёмбо үсгүүдээр бүрхэгдсэн цамц, артист Мөөжийгийн эсгийгээр урласан логотой нэхий дээл, хадагны эффектийг өгөх цэнхэр канттай хоёр талаар нь өмсдөг куртка, Монголчуудын эрт дээр үед өмсдөг байсан дээгүүрээ бэлхүүс давсан зузаан дотортой өмд, сүр сүлд байрладаг гэгддэг хоёр мөрөн хэсэгтээ Grandmaster-ийн хээтэй ноолууран пончо зэрэг дор бүрнээ гүн утга, агуулгатай бүтээлүүдээс бүрджээ. Загвар бүрийг гар аргаар, ажиллагаа ихтэй хийсэн нь илт харагдаж зүгээр нэг гангараа гэхээс илүү шүүгээг чимэх урлагийн бүтээл мэт үнэ цэнэтэй мэдрэмж төрүүлсэн юм.
Цуглуулгын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидний бэлдсэн энэхүү нийтлэлээс уншина уу.
"Protect Ya Soul" цуглуулгын загвар тус бүрээс ердөө 15 ширхэг гарах бөгөөд зөвхөн nft.mn дээр борлуулагдана. Grandmaster болон Elf сургууль хамтарч цуглуулгын нийт борлуулалтын 20%-г Монголын 21 аймгийн сурагч хүүхдүүдийн боловсролын санхүүгийн дэмжлэгт зарцуулахаар ажиллаж байгаа билээ. Тус цуглуулгын аль нэг загварын NFT-ны эзэмшигч болсноор зөвхөн өөрийн биед зориулан хийлгэх эрх болон уг загварын 2022 онд гарах 3D NFT эзэмшигч болох юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт