Хайх

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Moschino, Alexander McQueen, JW Anderson

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Moschino, Alexander McQueen, JW Anderson

Намар-өвөл 2016

Text: Ө.Тодгэрэл


Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног эхлээд гурав хонож байна. Бид та бүхэнд зориулж эдгээр өдрүүдийн гол шоунуудын товч тоймыг бэлдлээ. Moschino поп артаас санаа авч, Alexander McQueen сонгодог эсгүүр дээр төвлөрч, харин JW Anderson өөрийн өвөрмөц чанараа хадгалж үлдлээ

MOSCHINO

Жереми Скотт Лондонгийн загварын тайзыг өдрийн гэрэл мэт тод өнгөөр гийгүүллээ. Түүний шинэ цуглуулга уран бүтээлч Гилберт, Жорж нарын график уран зургуудаас санаа авсан, өнгөлөг бас панк хэв маягтай болжээ. Дизайнер загварын шоуныхаа үеэр эрэгтэй намар-өвөл 2016 болон эмэгтэй pre-fall 2016 загваруудыг зэрэг танилцуулсан юм. Загвар өмсөгчид яг л уран зураг дотроос гарч ирсэн мэт этгээд бас хүүхэлдэйн киноны баатар мэт төрхтэй тайзнаа алхлаа. Жереми Скотт хэлэхдээ тэр Гилберт Проэш болон Жорж Пассмортой хамт үдийн цай ууж суухдаа тэдний уран бүтээлээс сэдэвлэсэн цуглуулга гаргах санаатай буйгаа хэлсэн гэнэ. Тэгэхэд уран бүтээлчид "Дуртай юмаа хий, дураараа зугаац" гэж хариулсан байна.

ALEXANDER MCQUEEN

Брэндийн бүтээлч захирал Сара Бертон загвар өмсөгчдийн хацрыг унжлагатай төмөр зүүлтээр чимэглэж, цус сорогч мэт хүйтэн төрх бүтээжээ. Түүний шинэ цуглуулгын загварууд маш цэмцгэр эсгүүртэй, дэгжин хослол, пальто, хантааз зэргээс бүрдсэн байна. "Энэ бол эрэгтэй хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй сонгодог загварууд юм" хэмээн Бертон өөрийн цуглуулга дахь цэргийн хэв маягтай, хурц өнцөг бүхий мөртэй дүрснүүдийг тодорхойлж хэллээ. Лондонгийн загварын тайз дээр нэг биш удаа үзэгдсэн урт пальто энд ч бас бий. Гэхдээ Бертоны хувилбар эрвээхийний дүрсээр чимэглэгдэж, илүү сүрлэг "тайзны" загвартай болжээ. Мөн цуглуулгад гол үүрэг гүйцэтгэсэн тэмээний ноосон цамц ч бас эрвээхийний зурагтай байв. Харин нарийхан эсгүүртэй хослолууд чамин жаккард материалаар хийгдсэн байлаа. Цуглуулга бүхэлдээ Чарьлз Дарвиныг санагдуулам байгалийн сэдэвтэй бөгөөд зарим хэсэгтээ романтик аястай болжээ.

JW ANDERSON

Европын томоохон дизайнеруудын нэг болоод байгаа Жонатан Андерсон намар-өвөл цуглуулгаа танилцуулсныхаа дараа "хурд" гэх ойлголтын талаар яриа өрнүүлсэн юм. "Бид хурдаар хэмжигдэж буй ертөнцөд амьдарч байна. Хоцролгүй ажиллах хэрэгтэй" хэмээн тэр ярьлаа. Дизайнер тэрхүү хурдны санааг хувцаснууддаа шингээжээ. Урт цахилгаан, мэргэжлийн боксчдод зориулсан мэт спорт кет, бэлтгэлийн өмд зэрэг нь түүний хурдан бөгөөд хөдөлгөөнтэй байх санааг илтгэж байгаа юм. Цуглуулгын бас нэгэн тод сэдэв бол хос хүйсийн илрэл юм. Тэр энэ сэдвийг эртнээс хөгжүүлж ирсэн бөгөөд загварын салбарт томоохон нөлөө үзүүлээд байгаа билээ. Өвдөг хүрсэн урттай кардиган цамц, ягаан өнгөтэй богино хүрэм, пижам хэв маягийн хослолууд мөн туулайн үстэй цув гэх загварууд эрэгтэй хүний дотоод уян зөөлөн чанарыг илэрхийлж байлаа. Жонатан Андерсон энэ удаад ч мөн адил бусдаас ялгарч, амжилттай цуглуулга танилцуулж чадлаа.

цааш үзэх